
Монголын циркийн урлагийн ноён оргилуудын нэг, циркчин бүхний эрхэмлэн авгайлдаг Цэндээ багшийн тухай эргэн дурсаж байна. Сонгодог уран нугаралтыг өөрийн биеэрээ урлаад зогсохгүй шавь нартаа түгээн уламжлуулж, орос мэргэжилтнээр заалгасан техникээ баяжуулан Монголын уран нугаралтыг буй болгосон түүний гавьяаг хэзээ ч мартаж боломгүй. Төрийн шагналт, Ардын жүжигчин Тогоончулууны Цэнд-Аюушийн хичээл зүтгэл, ур ухаанаар замчлуулсан уран нугараачид эдүгээ дэлхийд эх орноо төлөөлөн, уран биеийн гайхамшгийг алдаршуулж явна. Энэ эрхэм хүн бидний дунд байсан бол энэ онд 90 насны босгыг элээн явах байжээ. Зөвхөн уран нугаралт ч биш Монголын циркийн урлагийн түүхэнд мөнхөрсөн олон үзүүлбэрийг найруулан дэглэж, бүхий л амьдралаа циркчдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан түүн шиг хүн 1941 онд “өрхөө татсан” Монгол циркийн 76 жилийн түүхэнд төрөөгүй л байна.
“ҮЕГҮЙ ОХИН”
1940-өөд оноос өмнө язгуур урлагийн бүтээлд уран нугаралтын элемент байсныг илтгэх баримт цөөнгүй. Хадны сүг зургаас эхлээд, охиноо Манжийн бэр болгохгүйн тулд үегүй мэт нугаруулж сургаад “Өвчин туслаа” хэмээн амбантанг хуурсан Говийн ноён хутагт Данзанравжаагийн домог, Ардын хувьсгалаас өмнөх жилүүдэд айлын найр наадам хэсэж хөлөө хүзүүн дээрээ зангидан үзүүлдэг байсан “шидтэй” Бадарчийн тухай ам дамжсан яриа үүний нэгээхэн хэсэг нь. Түүнээс хойш ч Шаравсамбуу, Цэнд зэрэг ардын авьяастнууд нутаг хошуундаа уран нугараач хэмээн дуудуулж байсан нь бий.
Харин 1939 онд Төв театрын дэргэд байгуулагдсан циркийн ангид байсан Г.Эрдэнэцэцэг буюу Ирина, Г.Гомботой хамтран акробат этюд хийж уран нугаралтын трюк амжилттай гүйцэтгэж байсныг илүү баримттайгаар дурсаж болно.
Хожим нь Төрийн шагналт, Ардын жүжигчин болсон Т.Цэнд-Аюуш гуай Гавьяат жүжигчин Г.Иринаг залгамжлан түүний тоглож байсан “Анчин ба шувуу” үзүүлбэрт тоглосны зэрэгцээ гоцлол уран нугаралтын төрлийг бий болгосон юм. Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайтай уулзаж Т.Цэнд-Аюуш гуайн талаар асуухад “Их хичээнгүй охин байсан санагдаж байна. Волошин багшийн гэргий Шкунова уран нугаралтын арга техникийг зааж өгч байсан” хэмээн дурссан юм. Манай анхны уран нугараач, найруулагч, Төрийн шагналт ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн уран бүтээлийн замнал Монголын уран нугаралтын хөгжилд онцгой байр эзэлдэг билээ. 1940-өөд оны үед том нүдтэй туранхай бор охин Төв циркийн манежнаа уран нугаралтын бие даасан номерыг анх тоглож “Үегүй охин” гэдэг алдар нэр хүртэн гайхагдсан байдаг. Циркийг үндэслэн байгуулагчид анх тоглолт хийхдээ эрийн гурван наадмыг их, бага хэмжээгээр шигтгэн үзүүлэх санаачилга гаргаж, сур харвааг хэрхэн үзүүлэхээ олж ядан байхад нь хээ угалзыг ч биеэрээ үзүүлэх шахуу болдог Т.Цэнд-Аюуш охин багшдаа санаагаа хэлж, уран нугарсан юм билээ. Тэрбээр энэ үзүүлбэрээрээ Дэлхийн залуучууд, оюутны их наадамд оролцож хилийн чанадад гайхагдан, тив дэлхийд алдаршсан түүхтэй.
БОЛОМЖТОЙ БҮХНИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ЗОРИУЛСАН БАГШ
Монголын сонгодог уран нугаралтын түүхийг эхлүүлсэн энэ эрхэм 1958 онд анхны гарын шавиа бэлтгэж эхэлсэн нь Б.Норовсамбуу. Завхан аймгийн Сонгино сумаас ирсэн, уян биетэй ч уран сайхны зөвлөлд гологдсон охиныг өөрөө даан авч, загасны тос уулган, “тахир гарыг” нь Т.Цэнд-Аюуш багш засаж өгсөн аж.
Зууны манлай циркчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуайд багшийнх нь тухай дурсамж бичих гэж буйгаа дуулган гэрт нь очиход жигтэйхэн их баярлаад “Миний багшийн тухай нийтлэл бичих гэж байгаад их баярлалаа. Намайг хүн болгосон хүн чинь Цэндээ багш шүү дээ. Зөвхөн намайг уран нугаруулж сургаагүй юм шүү. Эмэгтэй хүн ямар байх ёстой, биеэ хэрхэн авч явах, оёх, хатгах, нэхэх чадварыг ч хүртэл эзэмшүүлж, мөнгөө зөв зарцуулах ухааныг заасан миний эрхэм хүн” хэмээн ярьсан юм.
Монголын уран нугараачид эдүгээ 100 шахуу бие даасан үзүүлбэр тоглож, олон улсын 40 гаруй тэмцээнээс шагнал хүртэн, дэлхийн өнцөг булан бүрт уран биеийн гайхамшгийг алдаршуулж буй нь түүний л гавьяа. Циркийн анхдагчдын нэг, уран нугаралтыг үндэслэгч, Монголын циркийн урлагийн “Өндөр ээж”, авьяаслаг найруулагч гэж Т.Цэнд-Аюуш гуайг тодорхойлж болно. Б.Норовсамбуу гуай анх багшилж байх үедээ яагаад ч эвийг нь олохгүй зүйл гарвал багшдаа хэлдэг байж л дээ. Багш нь нэг нухацтай сайн хараад “Ер нь болсон байна шүү. Ингээд л боллоо” гээд илбэхийн төдийд л түрүүхэн гар нь далийгаад байсан хүүхэд эвээ олчихдог байсан гэдэг. Заах арга ухааны хувьд түүнийг гүйцсэн хүн үгүй биз ээ. Ууган шавь Б.Норовсамбуу нь олон шавьтай болчихсон хэрнээ “Одоо ч би багшийнхаа энд хүрэх болоогүй байна” гэж өөрийгөө чамлан суух нь үүний нотолгоо буюу.
“МЯНГАН ХҮНД ТААРАХ ТҮЛХҮҮРИЙГ ЗӨВХӨН НАЙРУУЛАГЧ Л ЭЗЭМШДЭГ”
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1927 онд төрж, ээжээрээ хөтлүүлэн циркт хөл тавьсан түүний амьдрал бүхлээрээ циркийн урлагтай холбоотой. Акробат этюд, бамбук, уран нугаралт гээд олон үзүүлбэр тоглож байсан түүний өөрийн биеэр хийсэн үзүүлбэрээс дэглэн найруулсан нь хэд дахин олон. Үзүүлбэр болгоны тавилт, дэглэлтийг илүү маяггүй, үзүүштэй болгохын төлөө тэр ажиллаж чаддаг байсан учраас хэн хүнгүй найруулах авьяасыг нь хүлээн зөвшөөрдөг байжээ. З.Хангалын хөгжим “Шарилжин дундах цэцэг” циркчилсэн жүжиг, Д.Дашдоржтой хамтран хийсэн “Монгол цирк” кино ч түүний бүтээл. Уран бүтээлийнхээ сүүлийн 20 жилийн дотор 20 хөтөлбөр найруулж, 230 үзүүлбэр төлөвлөн тоглолтод оруулсан тухай нь цирк судлаач Ё.Батболд агсан “Монгол циркийн нэвтэрхий толь” номдоо онцолсон байна.
Түүний дэглэн найруулсан “Тэмээтэй акробат” үзүүлбэр одоо ч олон улсад алдартай хэвээрээ байгаа. Хагас зуун жилийг элээсэн энэ үзүүлбэрийн тухай Швейцарь, АНУ-ын алдартай циркийн захирал, найруулагч нар бишрэн ярих нь бий. Тэгвэл энэ үзүүлбэрт тоглож явсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Батмөнх “Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багш 1977 онд “Тэмээтэй акробат” үзүүлбэрийг шинэчлэн тавьсан. Энэ номер олон улсад алдаршсан нь Цэндээ багшийн найруулгатай салшгүй холбоотой. Энэ номероор монгол ахуй, зан заншлыг бүхэлд нь илэрхийлсэн. Хөшиг онгойход манежинд жинчид орж ирж байгаа юм. Өөдөөс нь жинчдийг хэрхэн угтдаг монгол заншлаар бусад нь тавагтай идээгээ барьж тосно. Ноос савж байгааг ч үзүүлдэг. Ноосоо савж байгаа хүн нь саваагаараа жонглёр хийнэ. Хувцаслалт, ёсолгоо гээд бүх зүйл нь Монголын онцлогийг тодруулсан учраас олон улсад алдаршсан” хэмээн ярьсан юм. Энэ мэтээр 1972-1982 онд түүнийг Улсын циркийн Уран сайхны удирдагчаар ажиллаж байх үед Монголын цирк дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж алдаршсан болохоор гаднын уран бүтээлчид “Мадам Т.Цэнд-Аюуш” хэмээн түүнийг хүндлэн авгайлдаг болсон юм билээ.
Ц.НОМИН: ЭМЭЭ НАМАЙГ БАГШ БОЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭЖ ЗАХЬДАГ БАЙСАН
Т.Цэнд-Аюуш гуайн бага зээ охин Ц.Номин “Улаанбаатар” чуулгын дэргэд уран нугаралтын сургалтын төв байгуулан ажиллаж байна. Багаасаа эмээгээ дагаж, циркийн амьдралтай ойр өссөн тэрбээр есөн настайдаа “Нарны цирк”-ийн жүжигчин болж 2002 он хүртэл “Аллегриа” шоунд ажиллаж байгаад эх орондоо иржээ. Канадын Монтреалын циркийн сургуульд багшилж байсан тэрбээр эх орондоо ирээд Б.Норовсамбуу гуайг дагалдан шавь бэлтгэх арга ухааныг нь сураад хоёр жилийн өмнөөс бие даан ажиллаж буй нь энэ. Түүнийг эмээ болон багшийнхаа шийрийг хатаах багш болно хэмээн зарим циркчин ярьж байхыг сонссон юм. Багадаа нутгаа орхин гадаадад ажиллаж эхэлсэн болохоор түүнд эмээгийнх нь тухай дурсамж бага үлджээ. Дургүй нь хүрвэл “Хн” гэж эвгүй дуугардаг төрх, хүн загнадаггүй хэрнээ хэдхэн үгээр хатгаад, хийлгэе гэснээ хийлгэдэг арга ухааныг нь тэр дурсан ярьсан. Харин одоо бол тэр ээжийнхээ төрхнөөс эмээгээ “олох” болжээ. Т.Цэнд-Аюуш гуайн өргөмөл ганц охин С.Мөнхтогоо циркийн жүжигчин байгаагүй ч намба төрх, ааль байдлаараа ээжтэйгээ адилхан болсныг ойр дотныхон нь хэлдэг гэсэн.
Энэ дашрамд өгүүлбэл, Ц.Номингийн том ах С.Батмөнх кино найруулагч бол дунд ах С.Бат-Энх нь нэгэн үед циркийн жүжигчин байсан юм билээ. Т.Цэнд-Аюуш гуайн шавь Т.Будтай хамтран акробат этюд хэмээх үзүүлбэр хийж, нэлээд амжилттай ажиллаж байжээ.
НАМТАР БАЯН ХҮН
Циркэд хоёр Цэнд-Аюуш бий. Илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш, уран нугараач Тогоончулууны Цэнд-Аюуш. Тэдний тухай дурсан ярих хүсэлтэй шавь ч дэндүү олон.
Тухайн цаг үеийнхээ түүчээ болж, авьяастнуудыг өлгийдөн, тэднийг хурцалж, өсгөж торниулсан гавьяа нь яндашгүй их болохоор харь холын орноос ч багшийнхаа тухай ярихыг хүссэн хүмүүс утас цохин, сэтгэлээ уудлан, түүх өгүүлж байсныг энд онцлох нь зүй. Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг, “Нарны цирк”-ийн багш Ж.Эрдэнэчимэг гээд дуулсан болгон нь дуу алдан баярлаж, сайхан түүх өгүүлсэн билээ. Амьдралынхаа 60 гаруй жилийг циркийн урлагтай холбосон түүнийг үе үеийн жүжигчид “Цэндээ багш” хэмээн хүндэлж, шавь бас шавийн шавь нь гэдгээрээ бахархаж явдаг юм билээ. Нэр дурсаж бүгдийг нь багтааж чадаагүй ч багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, уран бүтээлээ туурвин яваа тэр олон хүн энэ нийтлэлээс улбаалан Т.Цэнд-Аюуш гуайн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх, өрнүүн ажил эхлүүлэх байх хэмээн итгэнэ.
Монголын циркийн домог, Т.Цэнд-Аюуш гуайн эдэлж, хэрэглэж байсан зүйлс үгүй болж, авсан шагнал, найруулсан тоглолтынх нь бүртгэл хаана байгааг мэдэх хүн үгүй нь харамсал төрүүлсэн гэдгийг нуух хэрэггүй болов уу. Авьяас мөнх, алдрын замнал нь тод болохоор залгамжилсан шавь нарынх нь амжилтаар багшийн нэр мөнхөд дурсагдах биз ээ.