NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм. Эл явдлын бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсанаар олны анхаарлын төвд орсон билээ. Тэгвэл уг явдлын талаар олж мэдсэн “Индиана”-гийн лидер Т.Халибөртон Х.Пересийг Индианаполис хотод болох дөрөв дэх тоглолтыг нэг хүний хамт ирж үзэхийг урьжээ. “Багийнхан маань чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Сүүлийн хэдэн өдөр бид чиний л тухай ярьцгаалаа” хэмээн Т.Халибөртон Х.Перестэй видео дуудлага хийх үеэрээ ярьсан аж.