УИХ-ын гишүүн ажилгүй болбол 12 сарын хугацаанд үндсэн цалинтайгаа дүйцэхүйц хэмжээний тэтгэмж авдаг тэгш бус хуулийн зохицуулалтын асуудлаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн цэцэд хандаад маргаан үүсэхээс татгалзсан хариу авчээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэхүйц тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүнийх нь замын зардал, ачаа тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” хэмээн тусгасан нь Үндсэн хууль дахь “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн тэрбээр үзэж, цэцэд мэдээлэл хүргүүлсэн ч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан аж. Хуульч энэ талаар “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна хэмээх Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг эл хуулийн заалт илт зөрчсөн. Энд ямар ч эрх тэгш зүйл үгүй” гэв.
Н.Буян