АНУ чөлөөт уналтын шинэ B61-13 бөмбөг бүтээсэн тухай Эрчим хүчний сайд Крис Райт мэдэгджээ. Энэ тухай Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Захиргааны (NNSA) цахим хуудсаараа мэдээлэв.
Мэдээлэлд "АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх NNSA нь B61 бүлгийн цөмийн зэвсгийн хамгийн сүүлийн хувилбар болох анхны B61-13 таталцлын бөмбөгийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хийж дуусгав" гэжээ.
Ийнхүү B61-13 нь "Хүйтэн дайнаас хойш хамгийн хурдан хөгжүүлж, үйлдвэрлэсэн зэвсгүүдийн нэг" бололоо гэж NNSA тэмдэглэв.
АНУ-ын цөмийн зэвсгийг шинэчлэх нь Ерөнхийлөгч Дональд Трампын "Хүчээр дамжуулан энх тайвны" бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Райт онцлов.
"Энэ амжилт манай дайснуудад болон холбоотнуудад АНУ-ын хүч чадлыг харуулж байна" гэж Эрчим хүчний сайд онцлон тэмдэглэжээ.
“Defense News” мэдээлснээр, B61-13 бөмбөг нь B61-7-тэй ижил хэмжээний хүчтэй бөгөөд хуучин чөлөөт уналттай зарим бөмбөгийг орлор юм байна. Америкийн эрдэмтдийн холбооны (FAS) мэдээлж буйгаар B61-7 бөмбөгийн дээд хүч 360 килотонн аж.
B61 бүлгийн бөмбөг нь АНУ-ын цөмийн зэвсгийн хамгийн эртний нэг бөгөөд олон талт зэвсэг юм.
B61-13-ыг зөвхөн стратегийн бөмбөгдөгч онгоц тээвэрлэх бөгөөд АНУ-ын эх газрын цэргийн баазуудад байрлуулах юм.
2023 оны есдүгээр сарын байдлаар АНУ 3748 цөмийн цэнэгт хошуутай байсан гэж өнгөрсөн долдугаар сард NNSA мэдээлллэж байжээ.