Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цаг уур, орчны шинжилгээний байгууллагынхан аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээ, мэдээллийг орон нутгийн иргэд, зорчигчдод шуурхай дамжуулах технологийн боломж бүрдүүлэхээр хамтран ажиллаж эхэлжээ. Манай орны нөхцөлд одоогоор хамгийн боломжит шийдэл нь “И-Монголиа” аппликэйшн, үүрэн холбооны станцууд гэж үзэж байна. Үүрэн холбооны дахин дамжуулах станцуудад хэмжигч төхөөрөмж суурилуулснаар хяналт, судалгааны сүлжээг өргөтгөж, цаг агаарын мэдээллийг шуурхай дамжуулах боломжтой гэнэ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрт сэрэмжлүүлэх систем хурдацтай хөгжиж буй. Судалгаа, шинжилгээний байгууллагуудаас цаг агаарын тусгай хэрэгцээний мэдээг захиалгаар тогтмол хүлээн авдаг, амьдран буй газар нутгийнхаа уур амьсгалын төлөвийг сар, улирал, жилээр гаргуулдаг жишиг хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт түгээмэл дэлгэрснийг ч мэргэжилтнүүд дурдав.
Н.Мишээл