Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногийг орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийн хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдэвт сургалт уулзалт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Улсын томоохон татвар төлөгч байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцож номын дуу сонсон, санал солилцлоо.
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-инд 2024 оны наймдугаар сарын 30-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 22.9-д “Нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орлогынхоо 1 хувийг зарцуулсан аж ахуйн нэгж байгууллагууд албан татвараас хөнгөлөгдөх юм.
Тэгвэл яг энэ хуулийн заалт болон дээрх хоёр яамны стандарт шаардлагуудтай Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийлгэсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.3 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоосон “Динза”, “Цондоолой Цүндээлэй 2” комикс ном дээр үндэслэсэн, номоор дамжуулан хүүхдийн хөгжил төлөвшлийг дэмжих зорилготой “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын хөтөлбөрүүд нийцэж байгаа юм.
Тус байгууллагаас боловсролд суурилсан үндсэн 3 хөтөлбөр болох “Хүүхдийн хөгжил төлөвшлийн ДМ” хөтөлбөр, “Номын сан”-гийн хөтөлбөр оюутны “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Боловсролын шинэлэг, үр дүнтэй арга зүй
“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комиксуудыг сургалтын арга зүй болгон боловсруулсан “Хүүхдийн хөгжил төлөвшлийн ДМ” хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулиудын ангийн орчинд сүүлийн 3 жил 2000 гаруй хүүхэд дээр туршигдаад байна. Уг хөтөлбөрийг 2025 онд ЕБС-ийн 2800-3500 ангид оруулахаар төлөвлөж байна.
Мөн уг хөтөлбөрийг Монгол Улсын 412 ерөнхий боловсролын сургуулийн 548 дотуур байранд нэвтрүүлэхээр зорьж буй.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ЕБС-ийн анги, сурагчдын дотуур байруудыг "Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас комикс номууд, оюун ухааныг хөгжүүлэх тоглоом наадгай, танхим онлайн хосолсон долоо хоногт 3-4 цаг, сард 24-25 цаг, 3 сард 75-100 цагийн хичээл болон багшийг сургалтын хэрэглэгдэхүүнүүд, зураг, асуултууд, анимейшн, дуу, хөгжим, бүжиг, зургийн хичээлийн аргачлалаар хангах юм.
Дэлхий нийтээр цээжилж тогтоох бус амьдралд хэрэгтэй, мөн хөгжилтэйгөөр танин мэдэх агуулгыг чухалчилж буй энэ үед маш үр дүнтэй хөтөлбөр гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг.
Мөн хөтөлбөрийн баяр, үзэсгэлэн танилцуулга гаргах, багшид нэмэлт цалин урамшуулал олгох, багшийн мэргэжилдээ улам дурлах, багшлах боловсон хүчний нөөцийг шийдэхэд ч дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог.
Уг хөтөлбөрийн аргачлал нь Ховард Гарднерын “Суралцахуйн олон талт оюун ухааны онол” дээр суурилсан, 17 хичээлийг интеграцичилан оруулснаараа давуу талтай.
Номын сангуудын эрэлт хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөр
“Номын сангийн хөтөлбөр” нь сүүлийн 3 жилийн хугацаанд хот, орон нутгийн 20,000 хүүхдэд судалгаа хөгжүүлэлт нь хийгдсэн. Хүүхэд багачуудыг номоор дамжуулан хөгжүүлж боловсролын тэгш хүртээмж, ном унших орчныг тохижуулан сайжруулж, номын санчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийтийн ном уншлага болон ном унших аяныг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулан олон нийтэд сурталчилдгаараа онцлог юм.
46 цуврал “Динза”, 21 дэвтэр “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс нь номын сангуудын хамгийн их эрэлттэй байдаг, элэгдэж хуучирдаг ном билээ.
Мэдлэг бэлэглэгч оюутан залуус
Оюутны “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөр нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс номын анхны уншигчид дараагийн үеийн уншигчид болон эцэг эхчүүдэд ном унших соёлыг суулгах олон талт ажил хийж, олсон орлогоороо цалин болон тэтгэлэг авдгаараа онцлогтой. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л 157 оюутныг хамруулж, 80 гаруй сая төгрөгийн цалин тэтгэлэг олгоод байна.
2025 онд оюутан тус бүрд 3.5 сая төгрөг буюу 100-гаад оюутанд ойролцоогоор 350 сая төгрөгийн цалин, тэтгэлэг олгохоор төлөвлөж буй. Хүүхдийн баяраар зохион байгуулах үйл ажиллагаанаас энэхүү хөтөлбөрийн мөнгийг босгох аж.
Тэгвэл “Мэдлэг бэлэглэе” хөтөлбөрийн идэвхтэй оролцогчид түрүүчээсээ тодорч, АШУҮИС-ийн оюутан Б.Мөнх-Очир, Ж.Сарнай, “Зохиомж” ДС-ийн оюутан Б.Гэрэлмаа нар тус бүр 3.5 сая төгрөгийн эрх бүхий батламжаа гардан авлаа.
Б.Мөнх-Очир: Би төслийнхөө хүрээг улам тэлж байна
Намайг “Динза”-гийн үнэнч уншигч болоход найз маань нөлөөлсөн. Түүнд тус комиксын олон цуврал байснаас нэгийг нь гуйж авч уншихад маш сонирхолтой санагдсан болохоор ээжээрээ “Динза” цуврал номоо авхуулсан юм. Тухайн үед би 9 настай байлаа. Цувралуудыг дараалуулж биш, энд тэндээс нь уншихад ч ойлгомжтой байдаг. Өмнөх цувралд нь юу гарсан юм бол гэсэн асуулт гардаг байлаа. Дүү нар маань намайг дуурайгаад Динза-гийн уншигчид болсон.
“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс маань хүүхэд бүрд мэдлэг, хүсэл, хайрыг бэлэглэдэг. Үе үеийн уншигчдынхаа дунд олон талт төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Эдгээр комиксын анхны уншигчид “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрт оролцож, биднийг цалин, тэтгэлэгт зориулж номоор дамжуулан, эерэг нөлөөллийн ажил зохион байгуулж буйд баяртай байна. Энэ онд бид зорилгоо улам томруулж, 200 гаруй оюутнаар хүрээгээ тэлэхээр зэхэж байна.