Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Сайд Г.Дамдинням “Ган боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон холбогдох бусад асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, Засгийн газраас дэмжиж ажиллана.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК янз бүрийн бэрхшээл туулж ирснийг бид мэдэж байгаа. Б.Чагнаадорж захирал ирснээсээ хойш сайн ажиллаж, үйлдвэрлэл эрчимжиж байгаад таатай байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, Канад маягийн загвар менежментийг хэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор явдаг зарчим руу шилжиж ажиллана” хэмээсэн юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилд гарч буй ажлын үр дүн нь өмнөх оны хоёрдугаар хагас жилээс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэснээс шууд хамааралтай” гэлээ. Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд татварын дараах үзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн. Харин гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ.
Улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж бизнес төлөвлөгөөний зорилтот түвшингийн голлох үзүүлэлтүүдээ бүрэн хангаад буй аж. Ингэснээр “Чингис хаан” үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр 2024 оны арванхоёрдугаар сард 13.6 тэрбум, 2025 оны хоёрдугаар сард 25.9 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг аж ахуйн нэгжийн хувьд толгой компанитай байгуулсан менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу уг үйлчилгээний төлбөрт 5.8 тэрбум төгрөг тус нэгдэлд төвлөрүүлсэн аж. Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэр барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, 2028 он гэхэд үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.