
Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас монгол гэрийн загвараас санаа авч, олон жил хөгжүүлсний эцэст нийтийн хүртээл болгож буй бөмбөгөр оройт орос байшинг танилцууллаа. Дэлхийд гайхагдсан газар хөдлөлтөд тэсвэртэй, эргэн дөрвөн улирлын хэдий нь ч нүүлгэж ачаалж болох монгол гэрийн хийц загвараар бөмбөгөр оройт байшинг барих санаа 35 жилийн өмнө хэний санаанд, хэрхэн буусан талаар товчхон мэдээлэл хүргэе. Монголын аймаг сумуудаар аялж явсан Япон эрдэмтний санаанд монгол гэрийн загвараар орчин үеийн байшин барих санаа анх төржээ. Япон эрхэм нутаг буцаад энэ санаагаа хөгжүүлэхдээ Германы эрдэмтэнтэй хамтарсан гэдэг. Харин таван жилийн өмнөөс Орос эрдэмтэнтэй хамтарч ОХУ-д бөмбөгөр оройт байшингийн үйлдвэрийн шавийг тавьсан байна.
ОХУ-ын бүх стандартыг хангахаас гадна олон улсын ISO-г эл байшин хангаж буй. Тухайлбал, ногоон зээлийн шалгуурын нэгдүгээрт бичигдэж буй. Бүр тодруулбал, агаарын солилцоо сайтай, дулаахан, тухтай, дулааны алдагдал бага, орчин үеийн технологи шингээсэн.

Бөмбөгөр оройт байшингийн талаар Монголын өв соёлыг дээдлэгч Дмитрий Перекицей ийн онцолсон билээ. Тэрбээр “Мэдээж монгол гэрийн нэгэн адил буулгаад зөөвөрлөж болно. Бас барихад маш хялбар, их биеийг 45 минутад угсарна. Гаднах болох доторхыг 5-8 хоногт хийчихнэ. Ингээд л засвар үйлчилгээ гэхгүйгээр хамгийн багадаа 40 жил амьдарч болно” хэмээн онцолсон. Өнгөрсөн жил Орост бөмбөгөр оройт байшингийн үзэсгэлэн яармаг зохион байгуулсан гэнэ. Үзэсгэлэнд оролцсон зочид, ялангуяа Монгол Улсын иргэд уг байшинг ихэд сонирхжээ. Тиймээс уг бөмбөгөр оройт байшинг Монголд нэвтрүүлэхээр болсон байна.
Ийнхүү Монгол гэрээс санаа авсан бөмбөгөр оройт орос байшинг Монгол Улсад нэвтрүүлэхээр загвар байшинг нь танилцуулав. Ийнхүү бөмбөгөр оройт байшинд дөрвөн улиралд тав тухтай амьдарч болох уу. Хэлбэр донж гоёмсог эл байшин яг монгол гэр шиг зун сэрүүн, өвөл дулаахан, агаарын солилцоо сайн, чийг татахгүй байж чадах уу гэдгийг харах л үлдлээ.