Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимтай хамтран ажлын байрны нээлттэй өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгт 20 гаруй аж ахуйн нэгжийнхэн 710 ажлын байр танилцуулсан юм. Тухайлбал, “Номин холдинг”, “Монос” групп, “Голомт” банк тэргүүтэй үндэсний томоохон байгууллагууд эл өдөрлөгт оролцож, иргэдийг нээлттэй ажлын байранд зуучилснаараа онцлогтой.
Тус танхимын дэд захирал Ч.Баттулга энэ үеэр “Бид хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ бизнесийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Төрийн албанд ажиллаж дадлага туршлага хуримтлуулсан хү¬нийг хувийн хэвшилд үр дүнтэй татан оролцуулах нь байгууллагуудын хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэв.
Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог шинэ шатанд гаргаж, туршлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бизнесийн байгууллагуудтай холбох замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
Э.Сондор