
Өнөө жилийн Сэтгүүл зүйн ёс зүйн буюу JEF-2025 форум "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Тодорхой хэлбэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зургаа дахь удаагаа зохион байгуулж буй эл форумаар дэвшилтэт технологи буюу AI эрчээ авч буй өнөө цагт хэвлэл мэдээллийн салбарынхан хэрхэн илүү хариуцлагатай бөгөөд ёс зүйтэй ажиллах боломжтой талаар голлон хэлэлцсэн юм.
Хиймэл оюун ухаан бүхий л салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлж, дэмжлэг үзүүлж буй. Гэхдээ сэтгүүл зүйд мэдээллийг мушгин гуйвуулах, худал ташаа мэдээлэл тархах, технологийн цензур үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байна. Энэ нь тухайн салбарын мөн чанар, үнэт зүйлсийг үгүйсгэх эрсдэл үүсгэж буй. Эсрэгээрээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар буруу ташаа мэдээлэл түгээхээс зайлсхийх, илүү ёс зүйтэй ажиллаж болно. Жишээ нь, хэвлэл мэдээллийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах нь шуурхай байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, улмаар давтамжит үйлдлийг хялбарчлах замаар хүний нөөцийн зардлыг хэмнэх зэрэг үр ашигтай.
Сэтгүүл зүйн ёс зүйн форумын үеэр хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсролтой холбоотой сонирхолтой хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн билээ. Тэдгээр илтгэгчид болон панелистуудын хэлсэн онцлох санааг эшлэл болгон хүргэе.
Ина Марчюлёните: Сэтгүүлчид аливаа асуудалд эргэцүүлэлтэй, шүүмжлэлтэй хандацгаая

(Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните)
-Сошиал медиан хэрэглээ өндөр болсон энэхүү цагт сэтгүүлчид илүү мэргэжлийн, үнэн бодит, баталгаатай мэдээллийг хүргэж ялгарах учиртай. Европын холбоо нь эртнээс хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчдийг дэмжин ажилласаар ирсэн. Сэтгүүлчид мэргэжлийн өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрэв буруу, ташаа мэдээлэл түгээвэл бид та бүхнийг дэмжиж, хамгаалах боломжгүй болно.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад яг үүн шиг форум, хэлэлцүүлгүүд өрнөсөөр байна. Энэ төрлийн сургалт, форумуудад үнэн зөв мэдээллийг хэрхэн таних, хэрхэн шүүмжлэлтэй хандаж, эргэцүүлэх вэ зэрэг мэдээллийг хүргэсээр байна. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглахдаа ёс зүйтэй байх дээр санал нэгдэх нь чухал. Хиймэл оюун ухаан бол бидний туслагч байх боломжтой, бидний зорилгоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэг хэрэгсэл байж болох ч түүнээс улбаатай ташаа мэдээллээр олон нийтийг буруу тийш бүү хөтөлдөг байгаасай.
Хиймэл оюун ухаантай өрсөлдөх өрсөлдөгч биш, харин түүнээс илүү байхад анхааран хичээж ажиллах нь чухал. Учир нь бид хиймэл оюуныг удирдан чиглүүлж, ажилдаа ашиглана, тэр бол хэрэгсэл. Тиймээс сэтгүүлчид аливаа асуудалд эргэцүүлэлтэй, шүүмжлэлтэй хандацгаая.
Хэлэлцүүлэг: Хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол

Хиймэл оюун өдөр тутмын хэрэглээнд олон салбарт нэвтрэхийн хэрээр бидний өмнө мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, зохицуулалт, зохиогчийн эрх, хэрэглээний ёс зүй, мэдээллийн чөлөөт урсгал ба цензур гэх мэт олон сорилт тулгарч байна. Хувь хүн, салбар, улсын түвшинд бид юуг анхаарвал зохих вэ? хэвлэл мэдээллийн хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, тэднийг яаж хамгаалах вэ? зэрэг хүний эрхийн өргөн хүрээний сэдвийг сэтгүүлч Ж.Хулан хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлэг: Хиймэл оюуны хэрэглээ, ёс зүй, редакцын бодлого

Сэтгүүл зүй нь ардчиллын тулгуур багана болох хэвлэлийн эрх чөлөөний илэрхийлэл. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах нь шуурхай байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, улмаар давтамжит үйлдлийг хялбарчлах замаар хүний нөөцийн зардлыг хэмнэх зэрэг үр ашигтай боловч мэдээллийг мушгин гуйвуулах, худал ташаа мэдээлэл тархах, технологийн цензур үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байна. Сэтгүүл зүйд хиймэл оюуныг ашиглахтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, редакцын бодлого, үр дүнтэй зохицуулалтын талаар хэвлэл мэдээллийн салбар бүрийн төлөөлөл онцолж байв.
Түүнчлэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороод нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн тус бүр 15 гишүүнтэй. Тэд улиралд нэг удаа хуралддаг. ХМЗ байгуулагдсан цагаас хойш (2015) 600 гаруй өргөдөл гомдол хүлээн авч, үүнээс 400 орчмыг хэлэлцжээ. ХМЗ-ийн Ёс зүйн хороонд ирсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг ёс зүйн зарчмынхаа хүрээнд хэрхэн хэлэлцэж, шийдвэр гаргадаг талаар, мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг форумын үеэр хөндөж ярилцсан. Эцэст нь хиймэл оюун ухаан сэтгүүл зүйд сорилт болохгүй дийлэнх олонх нь санал нэгдлээ. Гагцхүү бид илүү ёс зүйтэй, мэргэжлийн байж үүнээс ангид байж чадах юм.