
Жил бүр зохиодог Оросын үндэсний боловсролын үзэсгэлэнг өнөөдөр РЦНК-д нээлээ. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич үзэсгэлэнг нээж үг хэлсэн. Өнөөдөр маргааш үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд Оросын Москва, Санкт-Петербург, Красноярск, Новосибирск, Владивосток, Екатеринбург, Эрхүү, Улаан-Үд, Пенза, Томск зэрэг томоохон хотуудын төлөөлөл 26 их дээд сургууль оролцож байгаа юм. Тус үзэсгэлэнг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгээр жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг үзэсгэлэн нь ардын дипломат харилцааны 100 жилийн ойд зориулагдсан бөгөөд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 65 жилийн өдрүүдийг хамтатган тэмдэглэж буй.

Оросын их дээд сургуулиуд Монголын төгсөгчдөд Монголын орчин цагийн шаардлага, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй эмч, инженер, дизайнер, медиа-технологи, хүнсний үйлдвэр, ai-технологи, зам ахуйн үйлчилгээ, сошиал шинжлэх ухаан, газрын тос-байгалийн хийн салбар түүнтэй хослон дагалдах мэргэжил, соёл боловсрол зэрэг мэргэжилд нийцсэн сургалтын хөтөлбөр, мэргэжлүүд санал болгодог.

Боловсролын үзэсгэлэнгийн давуу талууд:
-ОХУ-ын тэргүүлэх 26 их, дээд сургуультай танилцах боломж;
-ОХУ-ын Засгийн газрын 2026–2027 оны хичээлийн жилийн төлбөргүй сургалтын тэтгэлгийн хөтөлбөрийн дагуу суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;
-Мэргэжил сонголтод чиглэсэн сонирхолтой тоглоом, асуулт хариултын тэмцээн, мастер-класс болон тест;
-Инженерийн мэргэжлээс эхлээд урлагийн чиглэл хүртэлх бүх сургуулиудын төлөөлөгчдөөс зөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Томск, Екатеринбург, Иркутск, Красноярск, Улаан-Үд, Саратов, Нижний Новгород, Якутск зэрэг хотуудын нэр хүндтэй их, дээд сургуулиуд оролцоно. Харин энэ жил Монгол Улс дахь боловсролын үзэсгэлэнд анх удаа дараах их, дээд сургуулиуд оролцож байгаа аж. Тодруулбал, Москва дахь А.Н. Косыгины нэрэмжит Орос улсын их сургууль, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи , Оросын биотехникийн их сургууль болон Нижний Новгород хотын Н.А. Добролюбовын нэрэмжит улсын хэл шинжлэлийн их сургуулийнхан иржээ.