Монгол дээлийг босоо захтай, эсвэл хүннү дээлээр төсөөлөх нь элбэг. Тэгвэл “Хайрын хурим” салоны дизайнер Б.Ууганцэцэг, Э.Туул, зураач Д.Наранцэцэг нар хамтран монгол дээлний загварт хувьсал хийжээ. Тэд Үндэсний их баяр наадмыг угтан домогт хатдын хөргөөр чимсэн дээл урласан байна. Энэ нь хэвлэмэл зурагтай анхны дээл гэдгээрээ онцлог. Тэд материалаа Хятад улсын алдартай үйлдвэрт захиалжээ. Тэнд торгыг олон янзаар хийдэг аж. Нийлэг материалын орцоос шалтгаалан үнэ болон чанар нь тодорхойлогддог гэнэ. Харин энэ торгыг нийлэг материал ороогүй, цэвэр торгон утсаар нэхжээ. Ингэснээр маш нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, биед эвтэйхэн болсон юм байна. Монгол дээлийг ихэвчлэн зузаан, даргар торго эсвэл ноос, ноолууран материалаар хийдэг. Энэ нь хүний биеийн хөдөлгөөнд саадтай, агаар нэвтрүүлэхдээ муу гэдэг. Ялангуяа наадмын халуун өдрүүдэд өмсөхөд тохиромжгүй гэнэ.
Загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нар хатдын зураг зурдгаараа алдартай Д.Наранцэцэгийн “Бөртэ”, “Есүй”, “Мандухай” болон “Домог” хэмээх зургаар энэхүү өвөрмөц, тансаг бүтээлээ амилуулжээ. Тэд “Монголын түүхэнд үзэсгэлэнт хатдын цэцэн ухаан маш их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн үр хойч болсон бүсгүйчүүд үйл хэргийг нь үлгэр жишээ болгохоос гадна хатан ухаан, гоо үзэсгэлэнг нь биширч, хөрөг зургаар нь үндэсний дээлээ чимэх нь гайхалтай биш гэж үү” хэмээн ярьж байв.
Дээлний баригдмал хэв маягийг эвдсэн шинэ загварын бүтээлийнх нь талаар дизайнер Б.Ууганцэцэгээс тодрууллаа.
-Загвар нь ерөнхийдөө орчин үеийн даашинз шиг юм. Дээлний аль хэсгийг бүтээлдээ түлхүү оруулсан бэ?
-Монгол дээлийг илэрхийлэх хамгийн гол зүйл нь торго юм. Энэ нь өөрөө монгол үндэсний хувцасны хэв маягийг илэрхийлэх болно. Мөн зарим загвартаа халх эмэгтэйн дээлний онцлог болох өндөр мөр, урт ханцуйг оруулсан. Энэ нь маш эрхэмсэг, дэгжин харагддаг. Орчин үед урт ханцуйг эртний адил хэрэглэх боломжгүй шүү дээ. Бид үүнийг сонирхолтой шийдлээр, өмсөхөд эвтэйхэн, харахад дэгжин байхаар шийдсэн юм. Түүнээс гадна эмжээр, хошмогийг бүх загвартаа хийж өгсөн. Бүсэлхий хэсгийн торгыг маш нарийн ширж оёсон учраас дээлний бүстэй ижил харагдана.
-Ихэнх загваруудад нугалаас оруулсан юм байна. Нугалаас нь сурагчийн дүрэмт хувцас мөн зуны нимгэн даашинзанд ихэвчлэн орсон байдаг шүү дээ. Үүнийг дээлэнд оруулсны учир юу вэ. Яагаад нугалаасыг ингэж онцлох болов оо?
-Манай загварын бас нэг онцлог нь нугалаас юм. Бид загвар бүртээ тохируулан нугалаасны олон төрлийн шинэ технологийг оруулъя гэж бодсон. Жишээлбэл, урт хормойтой дээлний загвараас шалтгаалан нугалаасны өргөн нь дөрвөн сантиметр байхаар захиалж хийлгүүлсэн байгаа. Нугалаас нь 70-аад оны үед хамгийн загварлаг хувцасны илэрхийлэл болж байсан. Бид үүнийг дахин сэргээхийг зорьсон.
Дашрамд дурдахад, “Хайрын хурим” салонд энэ сарын 25-28- нд 20 гаруй төрлийн загвараар үзэсгэлэн гаргах гэж байгаа аж. Үзэсгэлэн 15.00-22.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.
Х.АЗЖАРГАЛ