
НҮБ-ын хүний эрхийн салбарын мэргэжилтнүүд Японы Засгийн газарт хандан "Фукусима-1" цөмийн цахилгаан станцын (ЦЦС) цацраг идэвхт усыг далайд цутгах эцсийн шийдвэрээ олон улсын түвшинд нарийн зөвлөлдөх хүртэл хойшлуулахыг уриалжээ. "Японы засгийн газар цацраг идэвхт хаягдал усыг далайд хаях хуваарийг шаардлагатай чухал зөвлөгөөн хийх цаг хугацаа олголгүй яруулан урагшлуулж байгаа тухай мэдээлэл бидний санааг маш их зовоож байна” гэж мэдэгдэлд онцолжээ. Тэдний хэлснээр "коронавирус" -ын улмаас Токио дахь Олимпын тоглолтыг хойшлогдсон явдал тус улсын засгийн газарт дээрх асуудлыг шийдвэрлэх боломжийг олгосон гэж "найдвартай эх сурвалжууд" мэдээлсэн байна. "Фукусима-1" ЦЦС-ын осолтой холбоотой тулгамдсан асуудлын талаар тус нутгийн оршин суугчид болон хөрш зэргэлдээ орнуудын олон нийт зөвшилцөх хугацаа цар тахлын үеийн хязгаарлалтын тооцоход тун хангалтгүй байсан гэж НҮБ үзжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 онд 7-8-р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан Олимпын наадмын дараа дээрх асуудлын талаар анхны олон нийтийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан тул "яаралтай шийдвэр гаргах ямар ч шаардлагагүй " ажээ. "Бид Японы засгийн газрыг цөмийн хог хаягдлыг хэрхэх талаар зөвлөлдөх хангалттай орон зай, боломж олгохыг уриалж байна. Цөмийн хог хаягдал нь зөвхөн Японы төдийгүй бусад олон улс орны ард иргэдэд нөлөөлж болзошгүй" гэж уг баримт бичигт онцолжээ.
“Фукусима-1” ЦЦС-ын осол
Нэгдүгээр сарын 31-нд Японы Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн хороо Фукусима-1 ЦЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд цутгах эсвэл агаарт ууршуулах асуудлыг дэмжжээ. Энэ нь хүмүүст болон хүрээлэн буй орчинд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзсэн байна. Ингэхдээ далайд цутгах нь дараах үр дагаврыг хянахад илүү хялбар аж. Тус ЦЦС-ын гурван реакторыг хөргөхийн тулд зогсолтгүй усаар дүүргэж байгаа талаар гуравдугаар сард мэдээлж байсан юм. Ус тусгай цоргоор шахагдан гадагшлахдаа ариутгалд ордог бөгөөд бага зэрэг тритийг (устөрөгчийн цацраг идэвхт изотоп) эс тооцвол бараг бүх цацраг идэвхт бодисыг нь цэвэршүүлдэг гэнэ. Хаягдал ус ЦЦС дахь цистернүүдэд хуримтлагдсаар байгаа аж. Осол 2011 оны 3-р сард болсон цунамигийн улмаас гарсан бөгөөд тус станцын цахилгаан хангамж, хөргөлтийн системүүд ажиллагаагүй болсон юм. Үүний улмаас гурван реакторын цөмийн түлш хайлж, хамгаалалтын бүрхүүлийг шатаажээ. Үүний зэрэгцээ устөрөгчийн дэлбэрэлт болж их хэмжээний цацраг идэвхт бодис ойр орчмын бүс нутагт цацагдсан байна.