Хожим нь нэрд гарсан бизнесмен, хэвлэлийн магнат, Австрали, АНУ, Европ, Латин Америк, Азид мэдээллийн хэрэгслүүд, кино компани, хэвлэлийн газруудтай болсон Кит Руперт Мердок 1931 онд Мельбурн хотод төржээ. Оксфордод сурч байсан Руперт 1952 онд эцгээ нас барахад гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэхээр Австралид буцаж ирэв. Бизнес гэдэг нь “New” гэдэг жижигхэн сонин юм. Гэлээ ч 1960-аад он болоход тэрбээр Австрали, Шинэ Зеландад хэд хэдэн сонинтой болчихсон байлаа. Бас “News of the world” сониныг худалдаж аваад, Британи руу хүрээгээ тэлж байв. Зах зээлд нь хөл тавихаар 1974 онд АНУ-д ирж, 1985 онд иргэн нь боллоо. 1990 онд Британийн “Sky” телекомпанийг худалдан авч, 1990-ээд оны туршид үйл ажиллагаагаа Ази, Өмнөд Америкийн сүлжээнд өргөтгөжээ. 2000 он гэхэд түүний “News сorporation” 50 гаруй улсад таван тэрбум ам.доллароор үнэлэгдэх 800 илүү компанитай болсон байв. 1964 онд Мердок Австралид анхны өдөр тутмын сонин гаргалаа. Хэвлэлийн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлж 1984 онд түүнийг Австралийн алдрын одонгоор шагнав.
Мердок 1968 онд Британийн хэвлэлийн зах зээлд гарч ирж, “News of the world”, “Sun” сониныг өөрийн болголоо. 1997 онд “Sun” сониныг 10 сая хүн уншдаг болсон байв. 1981 онд Канадын “Times”, “Sunday times” сониныг Кеннет Томсоноос худалдаж авлаа. 1980-аад он, 1990-ээд оны эхэн үед Мердокийн хэвлэлүүд бүхэлдээ Лейборист нам, түүний удирдагч Тони Блэрийн тал руу хазайв. Удалгүй энэ хандлага ч өөрчлөгдөж, эвслийн Засгийн газар байгуулсан Консерватив нам, Дэвид Кэмероныг нийтлэлээрээ дэмжих болжээ. 1986 онд Мердок Австрали, Британи, АНУ-д сонинуудаа цахим хэлбэрт шилжүүлэхээр ажилтан, ажилчдынхаа тоог үлэмж цөөрүүлэв. Энэ нь харин Англид үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч, сунжирсан маргаан үүсгэлээ. Ажилгүй болсон 6000 ажилтан ч бослого тэмцэл өрнүүлж, гудамжны мөргөлдөөн ч гаргав. Халагдсан ажилчид 60 сая фунт стерлинг тарааж өгөх төлбөрийг хүлээн зөвшөөрчээ. Мердок 1998 онд хөлбөмбөгийн “Манчестер юнайтед” клубийг 625 сая фунт стерлингээр худалдаж авах гэсэн ч бүтсэнгүй. Энэ бол спортын клубт тухайн үед санал болгосон хамгийн өндөр ханш байлаа.
“News сorporation” Багамын, Кайманий, Нормандын болон Виржиний арлуудад охин компаниудтай болов. 1981 онд Мердок “Times”, “Sunday times”-ыг худалдаж авах гэхэд уг мэдэгдлийг нь Монопол эрхэлсэн комисст өгдөг байсныг Тэтчерийн Засгийн газар зөрчин, “нүдээ аньж” өнгөрөөлөө. Энэ үйл явдлаас нэг сарын өмнө Мердок, Тэтчер нар нууцаар уулзаж, магнат ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгсөн байж. Энэ нь 2012 онд Тэтчерийн архиваас олдсон баримтаас тодорхой болсон аж. Дөрвөн жилийн дараа болох бүх нийтийн сонгуульд Мердок болон түүний “News сorporation” консерваторуудын шинэ удирдагч Дэвид Кэмероныг дэмжих боломжтой гэж үзэж буйг 2006 оны зургадугаар сарын эцсээр ВВС мэдээлэв. Ирээдүйн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Розхарти” усан онгоц дээр Мердоктой хувийн уулзалт хийхээ зөвшөөрч буйгаа 2008 оны наймдугаар сард мэдэгдлээ. Харин Мердоктой юу ярилцсанаа Кэмерон мэдээлсэнгүй. Мердокийн хүргэний өгсөн хувийн онгоцоор хийсэн энэ аялалд 30 мянган фунт стерлинг зарлагадсан гэдэг. Дээдсийн энэ арга хэмжээнд тухайн үед Европын Холбооны худалдааны комиссар байсан лорд Мадельсон, Оросын олигархи Олег Дерипаска нар оролцсон гэсэн яриа байдаг. Кэмерон Ерөнхий сайд байхдаа “Murdoch’s news corporation”-ы гол удирдлагуудтай 14 сарын хугацаанд 26 удаа уулзсан нь 2011 оны долдугаар сард ил болжээ.
“News сorporation”-д харьяалагддаг компаниудын, түүний дотор “News of the world”-ын ажилтнууд нэр алдартай хүмүүсийн, хааны гэр бүлийн, бас жирийн иргэдийн ч харилцуур утсыг байнга гэмтээж байсан гэсэн асуудалтай Мердок 2011 онд тулгарчээ. Тэгээд хүү Жеймсийнхээ хамт Британийн парламентын Байнгын хороонд уг асуудлаар мэдүүлэг өгсөн байна. Утсыг гэмтээсэн тухай мэдээллийг мөрдөн байцаагчид үргэлжлүүлэн шалгаснаас Британид Мердокийн мэдээллийн эзэнт улсад аюул нүүрлэсэн удаа бий. Түүгээр ч барахгүй Олон нийтийн танхимын Соёл, хэвлэл, мэдээлэл, спортын хороо 2012 оны тавдугаар сард нийтлүүлсэн тайландаа Мердокийг олон улсын томоохон компанийн удирдлагад тохирох хүн биш гэж үзсэн байв. Тус хорооны хуралдааны өмнөх өдөр нь Мердокийг үхсэн гэж хүртэл зарим сайтад мэдээлжээ.
Мердок 24 цагийн үйл ажиллагаатай телевизийн мэдээллийн зах зээлд гарахаар 1996 онд шийдэв. Тэгээд “Fox news channel” нь 2009 онд судалгаагаар мэдээллийн тэргүүлэх 10 хөтөлбөрийн есийнх нь болзлыг хангасан байлаа. 2003 оны эцсээр Мердок Америкийн хиймэл дагуулын телевизийн томоохон системийн оператор “Hughes еlectronics”-ийн хувьцааны 34 хувийг эзэмших болсон байна. Түүний “Fox” кино студи дэлхийд алдаршсан “Титаник”, “Аватар” киног бүтээв.
“News сorporation”-ыхоо төв байрыг Австралиас Америкт шилжүүлэх болсноо Мердок 2004 онд зарлалаа. Энэ нь Америкийн менежерүүд өөр улсын компанийн хувьцааг худалдаж авахаас татгалздаг байсантай холбоотой аж. Мердок “21st сentery fox”-ын ерөнхий захирлын суудлаа 2015 онд орхисон. Гэсэн ч 2019 онд тус компани “Disney”-гийн мэдэлд очтол түүний эзэн хэвээр байв.
Италийн хиймэл дагуулын телевизийн “Sky Italia”-гийн хяналтын багцыг эзэмших боллоо. Тэрбээр 2010 онд тухайн үед Италийн Ерөнхий сайд байсан Сильвио Берлусконитой хэвлэлээр маргалдаад ялав.
1986 онд “News сorporation” Хятадын “South China morning post”-ын хувьцааны 35 хувийг 105 орчим сая ам.доллароор өөрийн болгосноор Азийн зах зээлд орж ирлээ. 1993 онд “News сorporation” 2001 онд “Star” гэж нэрээ өөрчилсөн Хонконгийн “Star TV”-ийг худалдаж авлаа. Удалгүй Ази даяар түүний оффисыг бий болгов. Ингэснээр Хонконгоос Энэтхэг, Хятад, Япон болон Азийн 30 гаруй оронд мэдээлэл цацдаг Дорнын томоохон сүлжээ болж чадлаа. Гэвч Хятадын Засгийн газар хязгаарлалт тавьж, газар нутгийнх нь ихэнх хэсэгт мэдээллээ хүргэх боломжгүй болгосноос энэ сүлжээ нь Мердокийн төлөвлөснөөр ажиллаж чадсангүй.
Мердок улс төрд хэрхэн оролцсон тухайд уншигчид цухас боловч ойлголт авсан байх. Тэрбээр Австралийн Үндэсний намын Жон Макьюэнтэй улс төрийн холбоотон болж, аливаа асуудлаар “Australia” нь энэ хүний талыг баримтлах болсон байна. Макьюэн тэтгэвэрт гарснаар Мердок өсөн нэмэгдэж байсан эрх мэдлээ Лейборист намыг дэмжихэд чиглүүлэв. Уг нам Австралид эмнэлгийн бүхий л үйлчилгээ, боловсролыг үнэ төлбөргүй олгох, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөх, нефть, хими, эрдсийн нөөцийг улсын өмчид байлгах бодлого баримталж байлаа.
“Нью-Йорк таймс” сонинд бичиж байснаар Рональд Рейганы сонгуулийн сурталчилгааны баг 1980 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Нью-Йоркийн тойрогт ялалт байгуулахыг Мердок болон тус сонинд найдан хүлээлгэсэн байжээ. Хатагтай Хиллари Клинтоныг 2006 онд Сенатад дахин сонгуулахад шаардагдах хөрөнгө цуглуулах кампанит ажлыг Мердок хийнэ гэж “Financial times” сонин мэдээлж байсан аж. Мердок Өрнөдийн орнуудад цагаачлалын илүү нээлттэй бодлого явуулахыг дэмжиж байв. 2012 оны сонгуульд тэрбээр бүгд найрамдахчуудыг шийдвэртэй дэмжиж, твиттер хуудсандаа “Тэр (Митти Ромни) ялаасай, биднийг социализмаас авраасай гэж хүсэлгүй яах вэ” гэж бичиж байжээ. Дональд Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш Мердок өөрийн телевизийн сүлжээний, тэр дундаа “Fox news”-ийн мэдээллээр түүнд дэмжлэг үзүүлж байв.
Саудын Арабын үе залгамжилсан хунтайж, үндсэндээ тус улсын эрх баригч болоод байсан Мухамед ибн Салман Аль Сауд 2018 оны эхээр Лос-Анжелес дэх Мердокийн Бель-Эйр гэдэг эзэмшилд хувийн оройн зоог барьсан гэдэг. Калифорни мужид байх энэхүү эзэмшил газрыг Мердок 2013 оны хавар худалдаж авч, усан үзэм тарьж, дарс хийх болсон байна.
Мердок Мельбурнд худалдагч, үйлчлэгчээр ажиллаж байсан Патриция Букертэй 1956 онд гэрлэжээ. Тэд нэг охинтой болоод 1974 онд салав. Энэ ондоо Сиднейн “Daily telegraph” сонинд ажиллаж байсан Шотландын сэтгүүлч Анне Маннтай суув. Аннагаас салахаа дуулгахаас гурван сарын өмнө буюу 1998 оны эхээр Ромын хамба лам Иоан Павелаас Гэгээн Григорийн одон Мердок гардан авчээ. Гурван хүүхдийн эцэг, эх болсон Анна, Мердок нар 1999 оны зун хоёр тийшээ болов. Анна салахдаа 1.2 тэрбум ам.доллар төлбөр болгож авсан байна. Мердок Аннагаас салаад 17 хонож байхдаа буюу 68 насандаа Хятадын уугуул Венди Денг гэдэг 30 настай бүсгүйтэй гэрлэв. Тэдний дундаас хоёр охин төрөв. Мердок нийтдээ зургаан хүүхэдтэй юм. Венди нь Хятадын тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй гэх яриа гарснаас Нью-Йоркт амьдарч байхдаа Мердок түүнээс салав. Ташрамд хэлэхэд, Денгтэй эр, эмийн хэлхээ холбоотой хэмээн сэжиглэснээс Тони Блэртэй тогтоосон эртний нөхөрлөлөө ч Мердок тасалсан аж. Дөрөв дэх гэргий, загвар өмсөгч байсан Жерри Холлтой 2016 онд гэрлэв. Тэгэхэд Мердок 85-тай, Холл 59 настай байж.
Сүүлийн үеийн мэдээллээр бол 92 настай магнат цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Энн Лесли Смиттийг тав дахь удаагийн ханиа болгон сонгожээ. 66 настай энэ бүсгүйтэй өнгөрсөн онд танилцсан байна. 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхий даяар тархсан олон тооны хэвлэл, телевизийн сувагтай Мердок “Энэ хайр минь сүүлчийнх гэдгийг би мэдэж байна. Тэгсэн нь ч дээр” гэж хэлжээ. Тэгвэл Смит “Би сүүлийн 14 жил ганцаар байлаа. Түрүүчийн нөхөр маань мөн л бизнесмен, хэвлэл, мэдээллийн салбарын хүн байсан болохоор Руперт бид одоо сайн ойлголцож байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Мердок дөрөв дэх гэргий Жерри Холлоос өнгөрсөн онд салсан байж.
Уншигчдад бас нэг сонирхолтой мэдээ дуулгахад, Руперт Мердок “Fox сorporation”-ы дарга, “News сorporation”-ы гүйцэтгэх захирлын албаа хүүдээ шилжүүлж, эдгээр компанийн хүндэт даргын алба хашихаар шийдсэн байна. Хүү Лахлан нь ирэх арваннэгдүгээр сард энэ хоёр компанийг өөрийн хяналтад авах бүрэн эрхтэй болох юм байна. Лахлан Мердок 1971 онд төрсөн, Рупертийн хоёр дахь хүүхэд. Тэрбээр дэлхийд нэрд гарсан хэвлэлийн олон компани байгуулахад санхүүгийн тусламж үзүүлж байсан, хувьдаа 3.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн аж.