Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам хамтран зохион байгуулж байгаа билээ. Арга хэмжээ ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхэд багачуудад зориулсан хичээлүүдийг цахимд орчинд байршуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ынхан уур амьсгалын өөрчлөлтийн цахим сургалтын төвийг нээсэн байна. www.edueco.mn вэб хуудсаар дамжин уг цахим сургалтын төвдзочилж, лекц, сургалт, үзэсгэлэнгийн танхимаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой.
Тухайлбал, лекцийн хэсгээс МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхмийн эрхлэгч С.Эрдэнэсүх, ахлах багш Д.Сандэлгэр, орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул тэргүүтэй мэргэжилтний илтгэлийг сонсож болох нь. Харин сургалтын хэсэгт 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хичээлийг байршуулсан байна. “Суралцагч бүрд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, тогтвортой хөгжлийг дэмжих мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд бүх талын түншлэх хамтын ажиллагааны талбар” хэмээн цахим сургалтын төвийн зорилгыг тодорхойлжээ.