Монголын цахим спортод шинэ эрин эхлүүлсэн “The MongolZ” баг дэлхийн аваргын тавцанд түүхэн амжилт үзүүллээ. 20 хоног үргэлжилсэн “Counter strike 2” (cs2)-ын “BLAST.tv Austin Major-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод манай улсын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай ширүүн өрсөлдөж 2:1 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээний дэд аваргаар тодров. Манай баг цувралын эхний хожлоо авсан ч дараагийн хоёр тоглолтод харамсалтайгаар хожигдол хүлээн, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ ийн өндөрлүүлсэн юм. Шийдвэрлэх үед манай тамирчид гайхамшигтай тоглолтыг үзүүлж байв. М.Содбаяр (Techno4k)-ын чухал үед хийсэн буудалт, Б.Өсөхбаяр (910)-ын эсрэг багийн таван тоглогчийг дараалан устгасан дайралт (ace), М.Азбаяр (Senzu)-ын мэргэн буудалтууд нь тоглолтыг чимж байв. Гэсэн ч энэ нь “Team Vitality”-г буулган авахад хангалттай байсангүй. Нэг сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга Францын баг 500 мянган ам.долларын эзэн болсон. Харин дэд байрт шалгарсан “MongolZ” баг 170 мянган ам.долларын шагнал хүртэв. “The MongolZ” баг Ази тивээ, Монгол Улсаа төлөөлөн, тэмцээнд оролцохдоо өмнө нь ямар ч багийн үзүүлээгүй амжилтад хүрч, өөрсдийгөө дэлхий нийтэд дахин нэг удаа батлан харууллаа. Тэдний хөгжөөн дэмжигчид нь багтайгаа сэт¬гэл зүрхээрээ хамт байсан бөгөөд сүүлчийн мөч хүртэл уухайлан дэмжиж, урам зориг харамгүй хайрлав. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 (Монголын цагаар)-д эхэлсэн ч олон мянган үзэгч Улаанбаатар хотын төв талбайд цугласан юм. Харин орон нутгийн дэмжигчид оршин суугаа газартаа цуг¬ларч, багийнхаа тоглолтыг шимтэн үзжээ. Тэдний дэд аварга болох зам олон сорилт, бэрхшээлтэй байв. Үзэгчдийн шүүмжлэл, шинжээчдийн таамгаас эхлээд цөөнгүй шалгууртай өнгөрсөн хугацаанд нүүр тулсан. Гэсэн ч тэд тууштай хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэл зүйн бэлтгэл, бие биенээ гэсэн харилцан хүндлэлээр энэ амжилтын эзэд болов.”The MongolZ” баг энэ онд оролцсон бүх тэмцээнийхээ шигшээ шатанд шалгарсан амжилттайгаар дэлхийн аваргад үзүүрлэв.
Ц.Аюуш