Монгол Улсын хэмжээнд тэтгэврийн зээлтэй 281 мянган ахмад настан байгаа бөгөөд нэг зээлдэгч сард дунджаар 800 мянган төгрөг буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгааг Монгол банкнаас өчигдөр мэдээлэв. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар ахмадуудын зээлийн үлдэгдэл 1.8 их наяд гаруй төгрөг байгаа нь 2021 оныхтой харьцуулахад 11 дахин өссөн дүн аж. Тэтгэврийн чанаргүй зээл сүүлийн нэг жилийн хугацаанд 100 хувиас давж, 11.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд цаашид энэ хэвээр өссөөр байвал банк санхүүгийн байгууллагууд эрсдэлд орох гэнэ. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг хар¬галзан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос энэ онд хэд хэдэн шийдвэр гаргасан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын төлбөрөө төлсний дараах үлдэгдэл нь хүн амын орлогын түвшнээс доошгүй байхаар тогтоосон юм. Түүнчлэн зургаадугаар сард банкнаас шинээр олгох зээлийн нөхцөлийг өөрчлөх буюу тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын дээд хязгаарыг бусад зээлийн адил 50 хувиар тогтоосон. Өөрөөр хэлбэл, зээлдэгч тэтгэврийн орлогынхоо 50 хувийг гар дээрээ үлдээнэ гэсэн зохицуулалт хийжээ. Хэрэглээний зээлийн хурдацтай өсөлт нь инфляц гаарах, өрхийн амьжиргаа доройтох зэрэг олон эрсдэл дагуулдаг юм.
Г.Сансар