Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар монгол хүний мөн чанар, үндэсний өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжил олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж, долоон дүүргийн 46 сурагч хамрагдаж байна. Сурагчид долоо хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж, олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчдийн ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж буй аж. Тэд зусланд амрах хугацаандаа Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа өглөө бүр дуулах, жагсаалын бэлтгэл хийх, багаараа олон сонирхолтой сургалтад хамрагдаж, байгаль дэлхийтэй зөв харьцахад ч суралцаж байна.
Г.Орчлон