Гал түймэр, гол, усны ослын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар албаныхан өчигдөр мэдээллээ. Урин дулаан цагт иргэд амралтын өдрөөрөө гэр бүл, хамт олноороо гол, нуур, цөөрөм рүү зугаалах нь ихэсдэг. 2025 он гарсаар усны ослоос үүдэн таван хүн амь эрсэдсэн аж. Архидан согтуурсан үедээ гол усанд орохгүй, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулсан юм. Түүнчлэн иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж байгаа гэнэ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн орон нутаг хариуцсан ерөнхий инженер Э.Дариймаа “Энэ сарын 26-ныг хүртэл өдөртөө 30 хэм давж хална. 27, 28-ны өдрүүдэд 2-3 хэмээр буурах ч хэт халалт ойрын хоногуудад үргэлжлэх төлөвтэй байна” хэмээв. Сүүлийн өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 103 төвд иргэд нарших, нарны хордлогод орох, даралт ихсэж, багассан гэх дуудлага тасрахгүй байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд, даралт ихтэй өндөр настан, гадаа ажилладаг, архаг хууч болон зүрх судасны өвчтэй хүмүүс илүү нарших эрсдэлтэйг анхаарууллаа.
Иймд ус, шингэн зүйлийг ойр ойрхон багаар уух, ханцуйтай даавуун хувцас өмсөх, толгойгоо норгох, бага насны хүүхдийг машинд удаан байлгахгүй байх, өглөө 08.00-10.00 цагийн хооронд гадаа тоглуулахыг зөвлөв. Мөн “Азтай савар” төрийн бус байгууллагаас “Гадаа нохой гаслам халуун байна. Ирэх өдрүүдэд бүх нутгаар хална. Энэ үед ямар ч амьтдад бэлэн ус олдохгүй бол цангах мэдрэмж тэсэхүйеэ бэрх. Дотор, гадаа байгаа, гудамд яваа эзэнгүй амьтдад ус өгч туслаарай” гэсэн уриалга гаргажээ.
Д.Хэрлэн