НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бүгд Найрамдах Казахстан Улсад суух НҮБ-ын суурин зохицуулагчаар манай улсын иргэн Р.Сарангоог томилсноо энэ сарын 22-нд зарлалаа. Уг томилгоог Казахстаны Засгийн газар дэмжиж, зөвшөөрсөн бөгөөд монгол хүн анх удаа НҮБ-ын ийм өндөр түвшний удирдах албан тушаалд очиж байна. Р.Сарангоог энэ албан тушаалд томилсон нь зөвхөн хувь хүний биш, Монгол Улсын мэргэжилтнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж хэлж болох юм. Тэрбээр Европ, Төв Азийн бүс нутагт хүрээлэн буй орчны бодлого, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтэн билээ. Р.Сарангоо бүс нутгийн зөвлө¬хөөр ажиллах хугацаандаа 17 улсын НҮБ-ын хөтөлбөрүүд, олон улсын стандарт, конвенцыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан нэгэн.
Тэрбээр Австралийн Flinders их сургуульд хүрээлэн буй орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Эх орондоо Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах мэргэжилтнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын байгаль хамгаалах холбоо, Германы хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагад ажиллаж байсан юм.
НҮБ-ын суурин зохицуулагч нь тухайн улсад ажиллаж буй НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын үйл ажиллагааг хариуцаж, Засгийн газартай шууд харилцдаг дипломат эрхтэй төлөөлөгч юм. Өөрөөр хэлбэл, тус улсын хөгжлийн бодлогыг НҮБын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлж, бүх хөтөлбөр, төслийг нэгтгэн удирддаг хамгийн өндөр албан тушаалтан. Казахстан бол Монгол Улсын хувьд бүс нутгийн чухал түнш тул энэхүү томилгоо нь хоёр орны харилцаанд эерэг хандлага үүсгэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна.
С.Энхжаргал