Задгай сансарт оршуулгын үйлчилгээ эрхэлсэн анхдагч компаниудын нэг “Celestis” нь Европын сансрын хөлөг үйлдвэрлэгч “The exploration company” (TEC)-тай хамтран ажиллахаар болсон нь сонирхолтой үйл явдлын эхлэл болох нь. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт тус компаниудын хамтарсан төсөл болох “Биелэгдэшгүй даалгавар”-ын хүрээнд 150 гаруй хүний чандар болон ДНХ-ийн дээж бүхий капсулуудыг сансарт хөөргөж, туршсан байна. Хөлөг дэлхийн нам тойрог замд хүрч, 2-3 удаа тойроод, буцаад агаар мандалд орж ирсэн гэнэ. Харин тээвэрлэсэн капсулууд Номхон далайд газарджээ. ДНХ-ээ илгээсэн хүмүүсээс хамгийн залуу нь Германы иргэн гурван настай Маттео Барт хүү байсан хэмээв. Эл туршилт нь TEC-ийн хоёр дахь оролдлого бөгөөд тэд 2028 онд олон улсын сансрын станцтай холбогдож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолсон юм. “Celestis” компани нь 1994 оноос хойш хүмүүс, гэрийн тэжээвэр амьтад, алдартнуудын ДНХ-ийн дээж, чандрыг сансарт илгээж ирсэн түүхтэй. Тус компанийн нислэгүүдээр “Star trek” цувралын од Никелл Николс, ДеФорест Келли, Жен Родденберри, түүний эхнэр Мажел Баррет Родденберри нарын ДНХ-ийн дээж, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон, Дуайт Эйзенхауэр, Жон Кеннеди, Роналд Рейган нарын бэлгэдлийн чандрыг тээвэрлэж байжээ.
Д.Тамир