Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB Palace”-ын газрыг “Хурд стандарт” ХХК худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, тус газрыг энэ оны нэгдүгээр сарын 17-нд “Хурд стандарт” ком - панийн нэр дээр шилжүүлжээ. Барилгыг буулгаж, газарт нь “Наадам центр-2” үйлчилгээний төв барина гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. “Хурд стандарт” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн гэр бүлийн хамаарал бүхий компани бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний эхнэр Д.Энхгэрэл гэнэ. Харин эрхэм сайд тус компанид хувьцаа эзэмшдэг аж. Тэрбээр “Миний хамаарал бүхий компанийн залуучууд “UB Palace”-ын газрыг худалдаж авсан нь үнэн. Эзэмшиж байсан хүмүүс нь санал тавьсан юм билээ. Тэр газарт юу барихыг би мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн байдаг.
Тэгвэл дээрх газарт барилгын суурь цутгаж, том том кранууд ажиллуулаад эхэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард уг газарт орон сууцын хороолол барина гэх мэдээлэл гарсны дараахан Баянгол дүүргийн VI хорооны иргэд эрс эсэргүүцэж, Б.Чойжилсүрэнг яг ямар барилга байгууламж барихаар төлөвлөснөө мэдэгдэхийг шаардаж байв. Гэвч өдий болтол ямар зориулалтаар барилга барих талаар мэдэгдээгүй бөгөөд зөв шөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, “UB Palace”-ын газар дээр захиалагч “Хурд стандарт”, гүйцэтгэгч “Билгүүн Монгол” ХХК зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэнд нийслэлийн Хяналт, шалгалтын газраас шаардах хуудас хүргүүлсэн байна. Үүнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулж, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм дүрэм, хотын стандартыг мөрдүүлэх үүднээс дараах үүрэг, даалгаврыг өгч, заасан хугацаанд зохих арга хэмжээ авахыг шаардаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэнд торгуулийн арга хэмжээ тооцох, холбогдох баримт бичгийг шалгуулах, барилгын түр хашааг стандартын дагуу болгохыг шаардсан бөгөөд энэ сарын 27-нд хариу өгөхийг сануулжээ. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх аж.
“Хурд стандарт” ХХК уг газар дээр орон сууц барихаар зөвшөөрөл хүссэн бичгээ Хот байгуулалт, хотын стандартын газарт өгсөн гэдгийг VI хорооны иргэн Т.Золбоот цахим хуудсандаа хуваалцсан байна. Тэрбээр “UB Palace” болон тус барилгын талбай нь хүн амын нягтаршил хэтэрсэн, барилга шинээр барихыг хориглосон бүс гэдгийг онцолж, хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа оршин суугчдын нэг юм. Паласын газарт эзэн суусан Б.Чойжилсүрэнг Улаанбаатар хотын үнэ цэнэтэй газар бүрд бетонон ширэнгэ сүндэрлүүлэх болс онд иргэд ихээр шүүмжилж буй билээ.
Ч.Цэлмэг