Япон улсад энэ оны долоодугаар сард газар хүчтэй хөдөлнө гэсэн мэдээлэл цахим орчинд тархсанаас үүдэлтэйгээр олон нийт холбогдох байгууллагынхнаас зөвлөмж, тусламж хүсэх, тус улсад оршин суудаг гадаадын иргэд нутаг буцах, төлөвлөгөөт ажил, нислэгээ цуцлах тохиолдол цөөнгүй гарч эхэлжээ.
Иймд Токио хот дахь манай улсын ЭСЯ-наас Японд амьдардаг монголчуудад хандан албан ёсны мэдэгдэл гаргаад байна. Газар хөдлөлттэй холбоотой энэхүү зөгнөл нь Японы зохиолч Тацүки Рёогийн 2021 онд хэвлүүлсэн “Миний харсан ирээдүй” хэмээх манга номноос улбаатай гэнэ. Зохиолч өмнө нь 1999 онд хэвлүүлсэн ижил нэрт номдоо “2011 оны гуравдугаар сард асар томгамшиг болно” хэмээн бичсэн нь хожим биеллээ олсон аж. Харин удаах бүтээлдээ 2025 оны долоодугаар сарын 5-ны 04.18 цагт Япон, Филиппинийн хоорондох далайн ёроолд ан цав үүсэж, Зүүн Японы газар хөдлөлтөөс гурав дахин том давлагаа тус улсыг нөмрөн авч буй талаар зүүдэлснээ бичжээ. Уг зохиолыг хятад хэлээр хэвлүүлсэн нь номын бор¬луулалт эрс нэмэгдэж, гамшигтай холбоотой таамаг дэлхий дахинд хүчтэй тархахад нөлөөлжээ. Японы Засгийн газраас “Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй ч энэ төрлийн гамшигт байнгын бэлтгэлтэй байх нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлж буй гэнэ. Их наран улсад ойрын жи¬лүүдэд Нанкай трап хэмээх томоохон газар хөдлөлт, цунами болох магадлал өндөр ч гамшгийн хүч, давтамж, цаг хугацааг урьдчилан тооцоолох боломжгүйг сануулжээ. Иймд иргэдийг түгшиж сандралгүй тайван байж, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардгаа ойлгон, байнгын бэлтгэлтэй байхыг анхааруулав.
Н.Мишээл