Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэлөнөөдөр” судалгааны тайлангийн энэ оны эмхэтгэл уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэвлэл мэдээллийн салбарын 2024 оны чухал тоон үзүүлэлтүүдээс тоймловол, сонины борлуулалтын тоо жил ирэх тусам аажмаар буурсаар 6 779 415 хүрчээ. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 62 хувиар, таван жилийн өмнөхтэй харьцуулахад 37 хувиар багассан үзүүлэлт юм байна. Түүнчлэн 2024 оны байдлаар нийт сонины борлуулалтын дийлэнх буюу 71 хувийг өдөр тутмын сонин, 11 хувийг долоо хоног тутмын хэвлэл бүрдүүлж байгаа аж. Орон даяар түгээсэн нийт сонины зах зээлд эзлэх хувь хэмжээ 2023 онтой харьцуулахад 13-аар, салбарын хэмжээнд түгээсэн сонины хувь хэмжээ дөрвөөр буурчээ. Харин бүсийн хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд түгээсэн сонины хувь хэмжээ тус тус өссөн байна.
Л.Ням