Чөлөөт сэтгүүлчид болон редакцууд хараат бус байдлаар олон нийтийн мэдээлэл авах хэрэгцээнд тулгуурлан мэдээ, нийтлэл бэлтгэн нийлүүлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломжтой шинэ платформыг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран, “Pluma” мэдээллийн системд өөрийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, түүнээсээ орлогожих боломж олгохоороо онцлог аж. Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төв нь тус төслийг таван жилийн өмнөөс хөгжүүлсэн байна. Мөн 2022 онд “Deutsche welle akademie”-аас зарласан “Global startup” уралдаанд 26 орны 96 төслөөс дөрөвдүгээр байрт, дэлхийд хамгийн чансаатайд тооцогддог, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн старт-ап хөтөлбөр болох “She loves tech” уралдааны тусгай байрт шалгарч байжээ. Иймд хүний эрх, ил тод байдлын чухал ач холбогдолтой төсөл хэмээн зохион байгуулагчид онцолсон юм. Платформын хэрэглэгч зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй, сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэнэ.
Д.Тамир