Баянгол дүүрэгт өнгөрсөн онд хийсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хянаж шалгахад ийм зөрчил илэрснийг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагынхан иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төсвийн хөрөнгөөр нийслэлд сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн явган хүний зам, бродюр, ногоон байгууламжийн ажлын чанар, төсвийн зарцуулалтад АТГ-ынхантай хамтран хяналт тавьж байгаа юм. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2024 онд 16 байршилд 12.5 тэрбум төгрөгөөр ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийжээ. Тэдгээрээс долоон байршлынх нь ажлыг зураг төсөлгүй буюу стандартад нийцүүлж хийгээгүй нь шалгалтын явцад илэрсэн аж. Явган хүний замын орц, гарцыг хөдөлгөөний урсгалтай зөв уялдуулаагүй, борооны ус өнгөрүүлэх, хуримтлуулах систем төлөвлөгөөгүй, ногоон байгууламжийг хашиж хамгаалаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд дээрх байгууллагаас төсвийн үр ашигтай зарцуулалт, хяналтад анхаарахыг нийслэлийн ЗДТГ болон Хөрөнгө оруулалтын газрынхнаас шаардан, удирдлагуудад нь албан бичиг хүргүүлээд буй аж.
Ж.Сувд