Сансрын зуслан буюу “Space camp-2025” олон улсын боловсролын зусланг долоодугаар сарын 3-10-нд “Найрамдал” цогцолборын тавдугаар ээлжийн үеэр анх удаа зохион байгуулах гэж байна. Уг хөтөлбөр нь хүүхэд залууст шинжлэх ухааныг сонирхох, олон улсын найз нөхөдтэй болох, ирээдүйн чиглэлээ олоход туслах зорилготой аж.
Үүнд Монгол болон гадаадын 9-16 насны 500 орчим хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. Энэ үеэр орох хичээлийг монгол болон англи хэлээр явуулах бөгөөд хүүхдүүдийг насны ангиллаар хуваан, тэдэнд тохирсон сургалтын аргачлалаар хичээллэх юм. Сурагчид сансрын инженерчлэл, тийрэлтэт хүч, робот ба автоматжуулалт, хөрсгүй тариалалт, дрон, радио холбоо, VR аялал, одон орон, байгалийн хүч зэрэг олон туршилтыг өөрсдийн гараар хийх бөгөөд соёлын солилцоо, багийн тоглоом, спорт, урлагийн хөтөлбөрүүдэд оролцох юм байна.
Зуслангийн эл хөтөлбөрийг шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи (ШИМТ+)-ийн боловсролыг дэмжигч “Дүдү боловсролын сан” санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд UNICEF, Монгол Улсын Шинжлэх ухааны академи зэрэг олон улсын болон дотоодын байгууллагууд дэмжиж буй гэнэ.
С.ЖАРГАЛ