Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын хойд нутаг, Хайбер Пахтунхва болон Пенжаб мужид энэ сарын 26-28-нд хүчтэй аадар бороо орсны улмаас гамшгийн хэмжээний үер болжээ. Олон цаг үргэлжилсэн аадар, түүнээс улбаатай үерийн уршгаар 32 хүн амиа алдсан бөгөөд 16 нь бага насны хүүхэд байжээ. Пенжаб мужид бямба гарагт хамгийн их буюу 102 мм хур тунадас орсон бол Лахорт 62, Чаквалд 32, Бахавалпурт гурав, Наровал болон Норпур Талд тус бүр хоёр, Касурт нэг мм бороо орсныг тогтоосон байна. Эдгээр бүс нутаг нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг бөгөөд нутгийн иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулдаг үндсэн эх үүсвэр нь ажээ.
Үерийн нөлөөгөөр Көнчин мэн, Хайбер Пахтунхва мужид хоёр байшин нурж, Пенжабад 50-56 орон сууц эвдэрч сүйдсэн бол 56 айлыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлээд байна. Мөн ойролцоох бүс нутгуудад ч гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх, үерийн эрсдэл бүхий нутгуудад сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг цаг алдалгүй хийж байна. Мөн нөхцөл байдлыг хянах зорилгоор шуурхай алба байгуулсан бөгөөд зарим албан тушаалтны ажлын гүйцэтгэлийг шалгаж, үүргээ хангалтгүй биелүүлснийг нь чөлөөлж эхэлжээ.
Пакистан улсад энэ оны борооны улирал өмнөх жилүүдийнхээс эрт эхэлсэн нь гамшигт үзэгдэл нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Тус улсад 2022 онд томоохон үер болж гурван сая гаруй хүн хохирч, 1700 иргэн амиа алдаж байв. Энэ удаагийн гамшиг гурван жилийн өмнөх үерийн хэмжээнд хохирол дагуулж болзошгүйг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Ц.Цэнд