Иран, Израилын 40 гаруй жилийн түүхтэй зөрчил сөргөлдөөн нэг сүрхий оволзож ирээд намжих аястай болж байх шиг. Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг чармайж байгаа нь үнэн. Хэд хэдэн газар цөмийн зэвсэг хийх нөөц бүрдүүлсэн гэдэг. Тухайлбал, Исфахан хотод байгаа цөмийн объект нь газрын гүнд байдгаас түүнийг бөмбөгдөж устгахад төвөгтэй гэж Америкийн Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Дэн Кейн Сенатын гишүүдэд мэдээлсэн байдаг. Ираны баяжуулсан ураны 60 хүртэлх хувь нь энд байдаг сураг бий.
Ираны объектыг Америк бөмбөгдөх гэж хүчлээгүй. Энэ сарын 27-нд хаалттай болсон уулзалт дээр Америкийн Тагнуулын төв газрын (ТЕГ) захирал Жон Рэткилфф мэдэгдэхдээ Исфаханаас гадна Фордо гэх газар мөн Ираны баяжуулсан ураны нөөц байдаг гэсэн байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчин Фордо болон Натанзад байгаа Ираны цөмийн хөтөлбөрийн объектууд руу бэхлэлт эсэргүүцэх бөмбөг нэлээд хэдийг хаяжээ.
Зургаадугаар сарын 22-ны шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандахдаа Фордо, Натанз, Исфаханд байгаа Ираны цөмийн объектуудыг “бүрэн, бүрмөсөн” устгасан гэж хэлсэн байх юм. Түүгээр ч барахгүй Тегераныг Вашингтонтой цөмийн гэрээ байгуулахгүй бол бусад объект руу нь довтолно хэмээн заналхийлжээ.
Гэтэл хоёр хоногийн дараа “The New York times” сонинд мэдээлснээр бол Америкийн хийсэн энэ цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг сэхэшгүй болгож чадаагүй, ердөө хэдхэн сараар л ухраасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа аж. Гэтэл ийм мэдээлэл нийтэлсэн сэтгүүлчдийг Трамп “азгүй хүмүүс” гэж нэрлээд, тэднийг бөмбөгдөгч онгоцны нисгэгчдээс уучлалт гуйх ёстой гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт болохоор “Ерөнхийлөгчийн гаргасан хүчин чармайлтыг гүйцэд үнэлсэнгүй, эрэлхэг нисгэгчдийн нэр төрийг гутаалаа” хэмээн сониныг шүүмжилсэн. Хиймэл дагуулын авсан зургаас үзвэл цөмийн гурван реактор гэмтээгүй байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчид цөмийн объектуудын орчимд радиацын түвшин нэмэгдсэн шинж тэмдэг илрээгүй гэсэн байна. Энэ сарын 26-нд “Financial times” сонин Европын тагнуулын мэдээллээс эш татан Иран баяжуулсан ураны нөөцөө аюулгүй газар луу урьд¬ чилан зөөчихсөн байснаас Израил, Америкийн цохилтод өртөж гэмтсэнгүй гэж мэдээлжээ.
Израил энэ сарын 13-нд цөмийн объектууд хийгээд цэргийн баазууд, армийн бие бүрэлдэхүүн рүү довтолсноор Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм. Үүнийхээ шалтгааныг Тегеран цөмийн зэвсэгтэй болоход тун ойртсон гэж Израилын эрх баригчид тайлбарласан. Энэ буруутгалыг Иран няцаагаад, хариуд нь Израил руу олон зуун дрон, баллистик пуужин харвасан. Уг үйл явдалд 21-ний өдрөөс АНУ оролцож Ираны цөмийн объектуудад бөмбөг, пуужингаар цохилт өглөө.
Ийн 10 гаруй хоног харилцан биендээ цохилт өгч байснаа гал зогсооход бэлнээ Иран, Израил хоёул мэдэгдэв. Энэ тохиролцоо 24-ний өглөөнөөс хэрэгжих ёстой байсан ч тэр дороо зөрчигдөв. Трамп тохиролцоог зөрчлөө хэмээн хоёр талыг буруутгахдаа Израилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Ташрамд өгүүлэхэд, Америк, Иран хоёр цэрэг дайны сөргөлдөөнд шууд хүргэх аюултай улаан шугамыг давахаас олон жил зайлсхийж ирсэн юм. Ойрх Дорнодын хамгийн аюултай дайнд улсаа татан оролцуулахаас АНУ-ын Ерөнхийлөгчид болгоомжилж, Исламын БНУын эсрэг цэргийн хүч хэрэглэхээс түдгэлзсээр өнөөдрийг хүргэсэн. Гэтэл энхийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байхаар амласан ерөнхий командлагч Ираны цөмийн объектуудад шууд цохилт өгч энэ шугамын дээгүүр алхчихлаа. Энэ бол Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших түүний хамгийн ноцтой алхам болов. Ираны дээд удирдагч, 86 настай аятолла Али Хаменеи гол ололт болох Исламын БНУ-аа хамгаалж, өөрийн хамгийн хүчирхэг дайсантай дөч шахам жил болгоомжтой тоглож ирэв.
Гал зогсоох тохиролцооноос өмнөх сүү¬ лийн 10 өдөр Израилын өгсөн эрчимтэй цохилт Ирактай найман жил хийсэн дайнаас нь илүү хохирлыг Ираны армийн командлал, техникт нь учруулжээ. АНУ Израилын талд орсон нь Тегеранд учирсан дарамтыг улам ч нэмэгдүүлэв. АНУ-ын өгсөн цохилтоос учирсан бодитой хохирлоос үл шалтгаалан энэ үйл явдал хүчтэй улс, бүс нутгийнхаа гүрний нь хувьд Ираны имижийг сүрхий ганхууллаа гэж нэгэн шинжээч дүгнэсэн байна.
Дэлхийн нефтийн таван хувь нь дамжиж өнгөрдөг, стратегийн усан зам болох Ормузын хоолойг хаавал бүс нутаг дахь Арабын холбоотнуудын, түүнчлэн Ираны нефтийн нэг гол хэрэглэгч Хятадын дургүйг хүргэх магадлалтай. Өрнөдийн тэнгисийн гүрнүүд ч энэ дав¬ чуухан хоолойг хамгаалахад оролцоход хүрч ч мэднэ.
Байдлаас анзаарахад Ирантай цөмийн хэлэлцээр байгуулах хүсэлтэйгээ нэг бус удаа мэдэгдэж байсан Трамп одоо болохоор Израилын талд эргэлт буцалтгүйгээр зогсож байх шиг. Тэрбээр Ираныг цөмийн бөмбөгтэй болохоор шунаж тэмүүлсэн “Ойрх Дорнодын ярдаг зант” гэж нэрлэлээ. Пентагон В-2 бөмбөгдөгч онгоцоор “АНУ-ын түүхэн дэх томоохон цохилт” гэж нэрлэсэн үйл явдлын үр дүнг АНУын тусгай албад нарийн нягталж шалгав. Энэ цохилт Ираны Натанз, Исфахан, Фордо дахь цөмийн үндсэн объектуудад онцгой хохирол, сүйтгэл учруулсан гэж үзэж байсан юм.
АНУ-ын санал болгосон бууж өгөх замыг Иран одоо нягталж байна. Өнгөрсөн баасан гарагт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Европын орнуудын ижил албаны хүмүүстэйгээ уулзсан. Баяжуулсан уранаа тэглэхийг Вашингтон хүсэж байгааг энэ үеэр Тегеранд дуулгажээ. Энэ шаардлагыг Иран хүлээж авахгүй байгаа төдийгүй иргэний зорилгоор уран баяжуулах эрхийг нь зөрчих гэж байна гэж үзэж буй юм. Түүгээр ч барахгүй Оманд тусгай элч Стив Уиткофф таван удаа хийсэн хэлэлцээрийг нь Трампын сайтар бодож боловсруулсан заль мэх гэж үздэг. Энэ хэлэлцээрийн зургаа дахийг нь эхлүүлэхээс хоёр өдрийн өмнө Израил цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Хоёр долоо хоног харзнах дипломат боломж олгоё гэж хэлснээсээ хойш хоёр хоноод Трамп улсаа энэ зөрчил сөргөлдөөн рүү хөл тавиулсан. Израил, Америкийн үйлдэл НҮБ-ын дүрмийг зөрчиж буйг, цөмийн объектууд довтолгоонд өртөж огт болохгүйг МАГАТЭ анхааруулсныг Иран бас онцоллоо.
Ираны цөмийн хөтөлбөрийг пуужингаар биш, үг хэлээр хязгаарлах арга зам хайхыг Европын орнуудын удирдагчид уриалж байгаа. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохыг зөвшөөрч болохгүй, ураныг 60 хувь хүртэл баяжуулна гэдэг цаашдын төлөвлөгөөнийх нь явуургүй шинж тэмдэг хэмээн тэд удаа дараа хэлж ирсэн. Объектуудад нь учирсан хохирлыг Иран багасгаж, цөмийн хөтөлбөр нь ер бусын довтолгооныг тэсэж үлдсэн гэж мэдээлэхэд эргэлзэх зүйлгүй гэж Европын Зөвлөлийн Ойрх Дорнод, Умард Африкийн хөтөлбөрийн удирдагчийн орлогч Элли Геранмаие илэн далангүй хэлсэн байх юм. Бас “Трампыг ялалтаа зарлуулахын тулд АНУ Иранд учирсан хохирлыг хэтрүүлж мэдээлнэ” хэмээн тэр бас шулуухан хэлжээ.
Энэ үйл явдлаас болж Трамп хайчин галд орох нь бараг тодорхой. Юуны түрүүнд Иранд өгөх цохилтоо үргэлжлүүлж, учруулах хохирлоо нэмэгдүүлэхээр хорхойсож буй Израилын Ерөнхий сайд Беньямин Нентаньяху шахалт үзүүлнэ. Трампыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр “хөдөлсөн” гэж хууль тогтоогчид нь үзнэ. Трампын талынхан ч Америкийг сунжирсан дайнд татан оруулахгүй гэсэн амлалтаа зөрчлөө гэж шүүмжилнэ. Үүний зэрэгцээ Ираны хатуу чиг шугам баримтлагчид өөрсдөө дайсныхаа овоо хараанд орохгүйн тулд тогтоон барих хүчин зүйлээ сэргээхэд анхаарлаа хандуулах нь эргэлзээгүй. Яг энэ агуулгаар мөнөөх Элли Геранмаие “Ираны зүгээс учруулах цөмийн аюулыг зайлуулахыг эрмэлзсэн Трамп одоо харин Иран цөмийн гүрэн болох магадлалыг нэмэгдүүллээ” гэж хэлжээ. Тегерантай цөмийн хэлэлцээр хийхийг хүсэж байгаа бол Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеид ханддаг таагүй, болгоомжгүй өнгө аясаа Трамп орхих ёстой гэж Аббас Арагчи байр сууриа илэрхийллээ.
Израил, Ираны дайн энэ сраын 13-24-нд боллоо. Эхлээд Израил зэвсэг агсаж, Иран хариу барьж байтал 22-нд АНУ Иранд цохилт өгсөн. Тегеран Катарт байгаа Америкийн бааз руу довтлов. Эцэст нь Израил, Ираны хооронд эвлэрэл тогтоосныг Трамп зарлалаа. Тэгснээ 28-ны шөнө Трамп цуу биш, бал сонгож авахыг өөрөөр хэлбэл, энхийн замыг сонгохыг Ираны эрх баригчдад зөвлөв.
Тэд хорон санаатай, дайсагнасан, сайн сайхан юм үгүй байсаар юунд хүрэв. Үнс нурам болсон, бөмбөгдүүлсэн, сүйтгүүлсэн, ирээдүйгүй, бут цохиулсан армитай, нурж унасан эдийн засагтай улс орон, хааяагүй үхэл” гэж Трамп хэлсэн байна. Ираны дээд удирдагч Али Хаменеи Израилыг БНУ нь ялсан гэж хэлснийг Трамп “худал” гээд аятоллаг “маш аюултай, шившигтэй үхлээс аварлаа” гэж мэдэгджээ.
Р.Жаргалант