Худалдаа, үйлчилгээний газруудаас бидэнд хэвлэж өгдөг баримтын цаасанд агуулагдах бисфенол S гэх химийн бодис нь арьсаар дамжин хүний биед шингэх аюултай түвшинд хүрснийг АНУ-ын шинжээчид анхааруулжээ. Байгаль орчны эрүүл мэндийн төвөөс хийсэн шинэ судалгаагаар ийм баримтыг ердөө 10 секундийн турш барихад л Калифорни мужийн Prop 65 нэртэй аюулгүйн стандартыг зөрчихүйц хэмжээний хорт бодис хүний биед нэвтэрдэг аж. Ялангуяа үйлчилгээний салбарын ажилтнууд өдөр тутамд баримтын цаастай байнга харьцдаг тул хамгийн их эрсдэлтэй бүлэгт тооцогдож байна.
Уг дүгнэлтийг үндэслэн тус төвөөс 50 орчим томоохон компанид хуулийн дагуу мэдэгдэл илгээснээр тэд баримтын цаасны аюултай найрлагыг өөрчлөх, эсвэл хэрэглэгчдэд энэхүү эрсдэлийн талаар анхааруулга өгөх, мэдээлэл байршуулах үүрэгтэй болж байгаа аж. Бисфенол S гэх химийн бодис нь хүний гормоны тэнцвэрт байдал, үр тогтоох чадварт нөлөөлөхөөс гадна ой санамж муутгах, хөхний хорт хавдар тусах магадлалыг ч нэмэгдүүлж болзошгүй гэж судлаачид тэмдэглэжээ. Иймд үйлч¬ лүүлэгч, хэрэглэгчдийг эрсдэлээс сэргийлэх хамгийн боломжит шууд арга нь баримтаа цаасаар бус, цахим хэлбэрээр хүлээн авах явдал хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Л.Ням