Манай улсад долоо хоног үргэлжлэх Монгол, Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад мастер сургалтаар өчигдөр эхэлжээ. Геологийн салбарыг сурталчлан таниулах, үнэлэмж, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх зорилготой уг олимпиадыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Роснедр холбооны агентлаг хамтран зохион байгуулж буй бол уралдааны үйл явц, шалгаруулалт зэрэгт нь МУИС, ШУТИС-ийн мэргэжлийн багш, судлаачид оролцож байгаа аж. Геологичдын анхдугаар олимпиадад хоёр орны өсвөрийн 100 гаруй сурагчаас бүрдсэн 10 баг оролцож байна. Тэд геологийн маршрут, палеонтологи, минералоги ба петрографи, шлихийн сорьц, гидрологи, талбайн зохион байгуулалт, техник аюулгүй байдал гэсэн долоон үндсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах нь.
Ж.Гантиг