Амазон” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос, түүний сүйт бүсгүй Лорен Санчес нар Италийн Венец хотод энэ сарын 27-нд тансаг хурим хийлээ. Энэхүү хурим нь ердийн нэг ёслол бус, тухайн хотын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн онцгой үйл явдал хэмээн хэвлэлүүд онцолж байна.
Венец хотын Венето бүсийн захирагчийн мэдээлснээр Безосын хуримд 200-250 зочин оролцсон ба нийт зардал нь ойролцоогоор 47-56 сая ам.долларт хүрсэн байна. Харин Италийн Аялал жуулчлалын яамны тооцоолсноор энэ хурим тус улсад нийт 1.12 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөж авчрах нөлөөтэй аж. Тодруулбал, хуримын талаар олон улсын хэвлэлүүд өргөн хүрээнд мэдээлж, Венецийг дэлхийд сурталчилснаар тухайн бүс нутгийг зорих жуулчдын тоонд нөлөөлнө гэж тооцжээ. Жуулчид зочид буудлын төлбөрт ойролцоогоор 33.3 сая, тээврийн зардалд 20.6 сая орчим ам.доллар зарцуулах төлөвтэй гэнэ.
Безосын хэт тансаг хурим олон нийтийн анхаарлын төвд орохтой зэрэгцэн венецчүүдийн дургүйцэл, шүүмжлэл ч газар авчээ. Тэд “Безост энд орон зай үгүй” гэх эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлэв. Иргэдийн зүгээс аялал жуулчлалын хэт ачаалал хотын соёл, амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлж буйг шүүмжилж байна.
Ц.Аюуш