Францын 96 мужийн 73-ыг нь улбар шар түвшинд шилжүүлснийг цаг уурын албанаас нь мэдээлэв. Тус улсын ихэнх нутгаар өнгөрсөн бямба гарагт агаарын хэм 30 хэмээс давж халсан бөгөөд цаашид өмнөд бүс нутагт 40 хэм хүрэх төлөвтэй байна.
Францын цаг уурчид “Ирэх ням гарагт Газар дундын тэнгисийн эрэг орчмын зарим бүс нутагт агаарын температур 40 хэм хүрч хална. Түүнчлэн нутгийн төв болон өмнөд хэсгээр 34-38, харин Иле-де-Франс буюу нийслэл орчимд 30-35 хэм байх төлөвтэй. Хэт халалт ирэх долоо хоногийн эхэн хүртэл үргэлжлэх бөгөөд агаарын хэм цаашид ч нэмэгдэнэ. Халалтын оргил үе нь бүс нутгаас шалтгаалан энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гарагт тохиох магадлалтай” гэв. Марсель хотын захиргаа хэт халалтын үед бассейнуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар шийдвэрлэжээ. Мөн агааржуулагчтай газрын байршлыг олон нийтэд танилцуулсан гэнэ. Харин Ницца хотод зөөврийн 250 орчим сэнсийг нийтийн зориулалттай газруудад байршуулж, өндөр настнуудад тараажээ. Францад өнгөрсөн сарын 19-нөөс хэт халж эхэлжээ. Үүний гол шалтгаан нь дулааны дээвэр хэмээх цаг уурын үзэгдэл аж. Энэ нь агаар мандлын төв хэсгээс уруудах чиглэлийн эргүүлэг үүсгэж,доод давхаргад бөглөрөл үүсгэдэг үзэгдэл гэнэ.Дулааны дээврийн улмаас салхи нэвтрэх боломж багасаж агаар аажмаар халж эхэлдэг байна.
Ц.Цэнд