Өвөрхангай аймгийн Хархорин сумын наадмын товыг өөрчилснөөс болж аяллын компаниудалдагдал хүлээхэд хүрээд буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдэгдлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-нд, улсынхыг 11-13-ны өдрүүдэд тэмдэглэх зохицуулалттай. Үүний дагуу аяллын компаниуд Хархорин сумын наадмыг гадаадын жуулчдад үзүүлэхээр урьдчилсан захиалга авч, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаад байтал Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэхтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагууд баярын товыг нэг өдрөөр урагшлуулж 9-10-нд болгочихсон аж. Энэ өөрчлөлтөөс болж цөөнгүй жуулчин захиалгаа цуцалж, гомдол гаргажээ.
Иймд дээрх холбооноос тухайн орон нутгийн засаг захиргааны болон аялал жуулчлал хариуцсан байгууллагуудад хууль, журмаа баримтлан ажиллах шаардлага хүргүүж буй гэнэ. Аяллын хөтөлбөрт нөлөөлөхүйц шийдвэрийг хугацаа тулсан үед гаргасан тохиолдолд аж ахуйн нэгжид учирсан хохирлыг тухайн байгууллага, эсвэл албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалттайг ч анхааруулав.
Н.Мишээл