Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 11 төрлийн арга хэмжээний зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллахаар болжээ. Тухайлбал, Түмэн тэмээний баяр, Бүргэдийн баяр, “Монгол туургатны харвуул”, “Цайны зам” өв соёлын наадам, “Талын түмэн адуу”, “Ара”, “Айс”, “Айраг”, “Дарьганга” фестиваль, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн, “Жангар” тууль хайлах ёслол зэрэг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон аж. Өнөө жил эдгээр үйл ажиллагааг 170 сая орчим төгрөгөөр санхүүжүүлэхээр хуваарилжээ. Түмэн тэмээний баярт хамгийн өндөр буюу 30 сая төгрөг төсөвлөсөн бол бусдад нь 10-20 сая төгрөг зарцуулах нь. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нэр дурдсан арга хэмжээг хамтран зохион байгуулах чиглэлээр орон нутгийн мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын компаниудтай гэрээ байгуулж эхэлжээ.
Ж.Сувд