Азийн шилдэг хөгжмийн наадмын нэгд тооцогддог “Playtime 2025” наадам долоодугаар сарын 3-6-нд “Плэйтайм” хүрээлэнд болох гэж байна. Энэ удаагийн хөгжмийн наадам өмнөх 23 жилийнхээсээ илүү өргөн цар хүрээтэй, шинэлэг технологи, олон улсын стандарт бүхий шинэчлэлүүдийг багтааснаараа онцлогтой гэнэ.
Наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жил нийт 100 000 үзэгч хүлээн авч, түр ажлын 5000 байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд 200 гаруй аж ахуйн нэгж, түнш байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Зөвхөн хөгжим сонсоод тогтохгүй, эдийн засагт үзүүлэх үр өгөөж, соёлын нөлөөллөөрөө “Плэйтайм” улам бүр өргөжин тэлж, Ази тивийн ТОП таван хөгжмийн наадмын нэг болоход ойртож буйг зохион байгуулагчид онцлов. Өнөө жилийн наадмын гол онцлог нь технологийн шинэчлэл. Тус наадам нь үзэгчдэд чанартай хөгжим сонсгох гол зорилготой байдаг. Тиймдээ ч энэ зорилгоо дараагийн шатанд хүргэхийн тулд тайз, хөгжмийн дуугаралтын чанарт шинэчлэлт хийх зорилгоор Нидерландын мэргэжлийн дууны инженерийг багтаа нэгтгэн, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулахаар олон улсын стандартыг баримтлан ажиллаж буй юм. Мөн Монголд анх удаа “cashless” буюу бэлэн мөнгөгүй төлбөрийн системийг NFC бугуйвчийн тусламжтайгаар нэвтрүүлж, наадмын бүхий л үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг бугуйвчаа уншуулан худалдан авах боломжтой болж байна. Мөн тасалбаруудыг QR кодтой болгон шинэчилснээр хуурамч тасалбар борлуулах эрсдэлийг арилгажээ. “Playtime 2025”-д нийт 104 уран бүтээлч, хамтлаг оролцох бөгөөд үүнээс 37 нь олон улсын, 67 нь дотоодых аж. Тэд “Playtime”, “The Bunkr”, “Grove”, “Fire”, “Disco ger”, “La vie en rose”, “Waldo”, “Нааглихац” гэсэн үндсэн найман тайзнаас өөрсдийн уран бүтээлийг үзэгч сонсогчдод хүргэх юм байна. Энэ үеэр хөгжмийн наадмаас гадна “Плэйтайм плас” хөтөлбөрийн хүрээнд урлаг, соёлыг дэлгэрүүлэх арга хэмжээг уламжлалын дагуу зохион байгуулна. “Earth. Music. Art. Love” уриан дор болох энэ наадам нь ногоон соёл, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа болж өргөжсөн билээ. Үүнийхээ хүрээнд нэг удаагийн хуванцраас татгалзаж, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн ашиглахыг уриалсан. Мөн эрүүл мэнд, урлагийн чиглэлийн хөтөлбөрүүдээр дамжуулан залуусын орчин үеийн үзэл санааг дэмжих зорилго бүхий олон талт үйл ажиллагаа зохион байгуулна. Одоогоор “Плэйтайм”-ын цахим хуудас болон shoppy.mn сайтаар 480 000 төгрөгийн үнэтэй энгийн, 960 000 төгрөгийн VIP тасалбарыг долоодугаар сарын 3-ныг хүртэл борлуулж байна. Энгийн тасалбар худалдан авсан хүн бүх тайзнаас уран бүтээлчдийн тоглолтыг сонирхох, 70 орчим байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Харин VIP тасалбарт тусгай зогсоол, уран бүтээлчдийн бүсэд нэвтрэх, наадмын бэлэг дурсгалын багц багтжээ.
“Playtime festival 2025” нь зөвхөн урлагийн наадам биш, шинэ үеийн залуусын оролцоог нэмэгдүүлсэн, байгальд ээлтэй, эдийн засгийн эргэлт үүсгэсэн томоохон соёлын арга хэмжээ болж буйгаараа дахин нэг шинэ шатанд гарч байна.
С.Энхжаргал