Б.Жаргалан тэргүүтэй УИХ-ын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэгдсэн чуулганаар өчигдөр хэлэлцэн, санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа. Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёсны уламжлал, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болж ирсний хувьд монголчуудын туулж өнгөрүүлсэн бүхий л түүхэн цаг хугацаанд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн үзэл санааны өөрчлөлтийг бүрэн илэрхийлэх ёстой гэдэг үзэл баримтлалын дагуу боловсруулсан уг хуулийг баталснаар Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын наадмаар хамтатган тэмдэглэдэг болох нь. Одоогийн хуулийн 5.10-т “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон, Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж заасан байдаг. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр “Тулгар төрийн, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” хэмээн хуульчилжээ.
Г.Сансар