Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ныг хүртэл “Яндан” аян өрнүүлж, иргэдийн амрах цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд их дуу чимээ гаргасан автомашин, мотоциклын жолоочид хариуцлага тооцжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч буй гэнэ. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд цагдаагийн алба хаагчид шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амар тайван байдлыг хангуулахын төлөө ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 20-ны шөнө нийт 22 зөрчил илрүүлж, таван тээврийн хэрэгслийг түр саатуулсан гэнэ. Үүний 12 нь мотоцикл, 10 нь автомашин байж. Тэдгээр тээврийн хэрэгсэл яндангийн дуу намсгуургүй, стандартаас давсан дуу чимээ гаргажээ.
Төв цэнгэлдэх болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, циркийн автомашины зогсоол зэрэгт автомашин, мотоцикл дуу чимээ ихээр гаргаж, дрифт хийж, иргэдийг ихээхэн бухимдуулдаг байна. Энэ талаарх гомдол Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд цөөнгүй ирэх болжээ. Оны эхний хагас жилийн байдлаар ийм 106 гомдол ирсэн гэнэ. Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу дээрх 19 байршлыг сонгож, шалгаж буй талаар ТЦА-ныхан хэлсэн. Мөн “Яндан” аяныг ирэх сарын 25 хүртэл үргэлжлүүлэхээр болсон бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч нартай хамтран газар дээр нь тээврийн хэрэгслийн дуу чимээг хэмжиж, зөрчлийг арилгуулах гэнэ. Ташрамд, 1991 оноос хойш үйлдвэрлэсэн суудлын автомашины дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээ 74 дЦ-ээс хэтрэхгүй байх ёстой аж.
Ч.Цэлмэг