Дэлхийн зарим улсад сүүлийн өдрүүдэд цаг уурын гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, ослын улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гараад байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дроны халдлагын улмаас ОХУын нийслэл Москвагийн нисэх буудлууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, 140 гаруй нислэг цуцлагджээ. Бямба гаргийн өглөөнөөс хойш Украины 230 гаруй нисгэгчгүй онгоцыг Оросын нутаг дэвсгэрт устгасны 27 нь Москва орчимд унасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Үүний улмаас нийслэлийн томоохон дөрвөн нисэх буудал нь түр хугацаагаар хаагдахад хүрээд буй аж. Мөн Вьетнамд аялалын завь хүчтэй аадар бороонд өртөж, хөмөрснөөр 37 хүн амиа алдаж, таван иргэн ор сураггүй болжээ. Орон нутгийн “VNExpress” сонинд мэдээлснээр, аяллын “Wonder Sea” завинд нийт 48 зорчигч, багийн таван гишүүн зорчиж байсан гэнэ. Тухайн завь жуулчдын хамгийн очих дуртай Ха Лонг буланг зорьж байж. Бороо хэтэрхий хүчтэй ор¬сон бөгөөд аврагчид 11 хүнийг аварсан байна. Харин нас барсан хохирогчдын цогцсыг завь хөмөрсөн газрын ойролцоо¬гоос олж, гаргаж авсан гэж мэдээлжээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас эхлэн Өмнөд Солонгосын зарим бүс нутагт аадар бороо тасралтгүй орж, хөрсний гулсалт үүссэний улмаас ням гаргийн оройн 09.00 цагийн байдлаар 18 хүний амь үрэгдэж, есөн хүн сураггүй болсныг тус улсын Онцгой байдлын алба мэдээлэв. Өмнөд Жолла, Гёнсан муж болон Жэжү аралд аадар бороо үргэлжлэн орох бол нийслэл Сөүл орчим, Ганвон, Чунчон мужид үдээс хойш бороо орж эхлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулсан байна. Тус улсын 15 хот болон мужид нийт 14 мянга гаруй хүнийг орон гэрээс нь түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлээд буй гэнэ.
Харин Хонконгт Тайфун Випха хар салхи гарч, 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 400 орчим нислэг цуцлагдаад байна. Салхи аажмаар намдсан ч аадар бороо үргэлжилж буй аж. Харин Иранд хэт халж, зарим газарт температур 50-иас давсан тул нийслэл Тегеранд ус, эрчим хүчээ хэмнэхээр бүх нийтийн амралт зарлажээ. Усны хомсдол үүссэн тул эрх баригчид ард иргэдээ уг хэмнэлттэй хэрэглээнд уриалсан байна. Дэлхийн олон оронд нэгэн зэрэг тохиолдож буй эдгээр гамшиг, осол нь хүний амь, эд хөрөнгөд ихээхэн хохирол учруулж буй бөгөөд Засгийн газраас нь шуур хай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хэвийн болгохоор ажиллаж буй юм.
Д.Сэлэнгэ