Он гарснаас хойш улсын хэмжээнд 14 аймгийн 70 сум, нийслэлийн гурван дүү¬рэгт ой, хээрийн 194 түймэр гарчээ. Өчигдөр 11.00 цагийн байдлаар ой, хээрийн 15 түймрийн гурвыг цурамд оруулсан талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлсэн юм. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хар горхи, Ерөө сумын Агуйт, Наран гэх газарт гарсан ойн гурван түймрийг цурамд оруулжээ. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэрт тав, Ерөөд дөрөв, Мандал сумд гарсан гурав буюу 12 түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагын болон мэргэжлийн ангийн нийт 374 хүн, 23 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгааг дэд хурандаа П.Соронзонболд дуулгав.
Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 дуудлага бүртгэгджээ. Үүний 53 нь ахуйн, тав нь ой, хээрийн түймрийнх юм. Мөн газар хөдлөлт, аянга, хүчтэй салхи шуурга, үер болон хүний үйл ажиллагаатай холбоотой осол бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 41 иргэний амь аварчээ. Мөн утаажилтын бүсээс 188 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Ч.Болор