Байгалийн үзэсгэлэн цогцолсон Монгол орноороо аялж зугаалахад улам л хэцүү болоод байх юм. Амралтаараа амжиж агаар салхи амьсгалах гэхээр өнөөх л ариун цэврийн байгууламжийн асуудал хүнд хэвээрээ. Жил бүр л аймаг, сумуудын тэгш ой тохиож, иргэд нутаг орноо зорьсоор ирсэн. Орон нутгийн захиргааныхан нийтээр нь биш юм гэхэд ядаж аялал жуулчлалын бүсүүддээ хэдхэн жорлон барьчхаж чадахгүй л өдий хүрлээ шүү дээ. Тэгсэн мөртлөө угтах, үдэх хаалгаа хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр босгосноо гайхуулж суух нь даанч өрөвдөлтэй.
Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр ариун цэврийн байгууламжгүй хөдөөд модон жорлонд нь ороход хүртэл тэнгэрт хадсан үнэ хэлэх болсныг иргэд нийгмийн сүлжээнд шүүмжилсээр байна. Тухайлбал, Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын эрэг дэх жорлонд нэг удаад бие засахад 2000 төгрөг гэнэ. Хүн, тэр дундаа хүүхэд өдөрт 12-15 удаа хөнгөнөөр бие засдаг. Тэгэхээр байгалийн сайханд гэр бүлээрээ ганц нэг хоног амарч, аялж яваа улс олсон хэдэн төгрөгөө жорлонд “урсгаад” таарах уу. “Ийм хүн чанаргүй, биологийн наад захын хэрэгцээг бизнес болгох ч гэж дээ” хэмээн халаглах хүн ч олон. Тиймээс аялал жуулчлалыг дэмжих нэрийн дор үйлчилгээ үзүүлэхдээ энэ мэт үндэслэлгүйгээр өндөр төлбөр тогтоож, иргэдийг хохироож байгаа асуудлыг холбогдох албаныхан яаралтай анхааралдаа авах хэрэгтэй.
О.Оргилох