Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй байлгах зорилгоор хэд хэдэн чиглэлийн автобусны суудлын тасалбарыг урьдчилан захиалах боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, Х:18 “Тэнгэр плаза-Багахангай”, Х:17 “Тэнгэр плаза-Багануур”, Х:19 “Сүхбаатарын талбай-“Чингис хаан” олон улсын нисэх буудал”, Х:20 “Таван шар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал” чиглэлээр үйлчлүүлэх иргэд автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой болжээ. Ингэхдээ UBCARD аппликэйшн ашиглан суудлаа захиалж, баталгаажуулах юм байна.
Энэ тухайд Нийтийн тээврийн бодлогын газраас лавлахад “Хот хоорондын зорчигч тээврийн автбусанд иргэд суудлаа урьдчилан захиалах боломжтой байдаг. Үүнтэй ижил “Чингис хаан “олон улсын нисэх буудал, Багахангай, Багануур дүүргийн чиглэлд зорчих иргэдэд нэмэлт үйлчилгээ санал болгож буй юм” гэв. Сонирхуулахад, Х:19 чиглэлийн автобусаар зорчиход том хүн 15 000, хүүхэд 7000 төгрөг төлөх аж. Харин Х:20 чиглэлийнхэд том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой. Урьдчилж захиалга өгөхөд үнийн дүн өөрчлөгдөхгүй юм байна.
Ч.Болор