АНУ-ын нисэх онгоцны буудлуудад иргэд аюулгүй байдлын шалгалтаар орохдоо гутлаа тайлах шаардлагагүй болсныг тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгдэв. Учир нь шалган нэвтрүүлэх хангалттай хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдтэй болсон аж. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл зорчигчийн гутлыг тайлуулж, шалгах журам хүчин төгөлдөр байхыг сануулжээ. 2001 онд Ричард Рейд хэмээх иргэн Парисаас Майами чиглэлийн онгоцонд суух үеэр гутлынхаа ул хэсэгт тэсрэх бөмбөг бэхэлсэн байсныг албаныхан илрүүлснээс хойш таван жилийн дараа эл журам АНУ даяар хэрэгжиж, 12-75 насны бүх зорчигч гутлаа тайлж, гар тээш, гадуур хувцсаа төхөөрөмжид уншуулдаг болсон юм. Мөн сүүлийн жилүүдэд тус улсын Засгийн газар зорчигчдын хувийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор нүүр таних, Real ID технологи нэвтрүүлээд байна. Доналд Трампын удирдлага дор ажилладаг Тээврийн сайд Шон Даффи өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдийнхээ дунд “Таны аяллыг хүндрэлгүй болгоход юу хэрэгтэй вэ” хэмээн санал асуулга явуулахад олон хүн “TSA буюу Тээврийн аюулгүй байдлын албаны шалгалтын дүрэм, журмыг сулруулах” гэсэн тул ийн шийдсэн аж.
Д.Тамир