Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшингийн захирамжаар Буянт голын усны бохирдлын эх үүсвэр, шалтгааныг тогтоох, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Тус аймгийн ЗДТГ болон Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн голын бохирдол, доройтлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх гэнэ.
Буянт голын усны нөөц, чанар сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдсөн нь урин дулааны үлиралд сав газрын дагуу суурьших айл өрхийн тоо ихсэж, хөл хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотой гэж үздэг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд тулгуурлан тогтоох нь чухал гэдгийг ажлын хэсгийнхэн дурджээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Бохирдлын түвшин, шалтгааныг эцэслэн тогтоох хүртэл Буянт голын эрэг дагуу айлууд суурьшуулж, зусуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох хэрэгтэй. Гол, нуураа хамгаалах нь нэг хүний бус, нийтийн ажил, ялангуяа бидний үр хүүхдийн хувь заяатай холбоотой асуудал учир холбогдох байгууллагынхан шат шатандаа хамтран ажиллах нь чухал” гэв.
Н.Мишээл