Хотын дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй өчигдөр хуралдаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Ингэхдээ Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Налайх, Багануур, Багахангай дүүргийнхэн төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх аж. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд голын ай сав, байгаль орчинд хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх цөөнгүй ажил хийхээр болжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд голын ай сав дагуу шороо их асгадаг тул хяналтыг сайжруулж, цаашид ийм зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Мөн өнөө жил ойн бүсэд хуурайшилт их байгаа учраас төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлүүлнэ гэв.
М.Гэгээ