Энэ оны тавдугаар сарын 25-нд Өмнөд Америкийн хамгийн жижиг улс Суринамд болсон парламентын сонгуульд Үндэсний ардчилсан нам нь ялж, Улс төр дэх ах, дүү, эв нэгдэл, Үндэсний нам, Бүх нийтийн эрх чөлөө, хөгжлийн намтай хамтран эвсэл байгуулав. Уг эвсэл Үндэсний ассамблейн 51 суудлын 34-ийг нь бүрдүүлэх болсон нь Женнифер Гирлингс-Саймонсыг Суринам улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгоход хүрэлцэхүйц олонх байв.
71 настай, эмч мэргэжилтэй, парламентын тэргүүн байсан эл бүсгүйг Төрийн тэргүүнээр сонгохыг депутатуудын олонх дэмжжээ. Саймонс Үндэсний ассемблейд тус сонгуулиар 18 суудал авсан Үндэсний ардчилсан намыг удирдаж байв. Тус нам тухайн үед Ерөнхийлөгч байсан Чан Сантохын намаас ганц суудал илүү авчээ.
Өөрт нь итгэл үзүүлж дэмжсэн депутатуудад талархал илрэхийлэн үг хэлэхдээ Суринам улсын баялагийг хүн бүрд хүртээхийн төлөө хүч чармайлтаа зориулна, залуучууд, нийгмийн шударга байдалд анхаарлаа төвлөрүүлж ажиллана хэмээн амласан байна.
Суринамд Ерөнхийлөгчөө парламент нь сонгодог, нэр дэвшигч депутатуудын гуравны хоёрынх нь дэмжлэгийг авах ёстой байдаг аж. Саймонс долоодугаар сарын 16-нд тангаргаа өргөсөн. Суринамын Үндэсний намын удирдагч Грегори Расланд дэд ерөнхийлөгчөөр ажиллана. Нефть, хийн төслийг хэрэгжүүлснээр тус улс ойрын жилүүдэд дорвитой орлого олж, эдийн засаг нь дээшилнэ гэж тооцож байгаа юм. Харин орлогоо хэрхэн ашиглахыг одоогоор эцэслэн шийдээгүй байгаа аж. 1975 он хүртэл Нидерландын колони байсан Суринамын төсөв их хомс байж ирсэн юм байна.
Женнифер Саймонс парламентаа 10 жил удирдсан бөгөөд Үндэсний ардчилсан намыг үндэслэгч, Ерөнхийлөгч асан Дези Баутерсийн залгамжлагч гэгддэг. Энэхүү Баутерс олон хүний аминд хүрсэн үйлдэл нь шүүхээр нотлогдсоны дараа зугтаж яваад 2023 онд амиа алджээ.
Суринам улс нэг танхимт 51 гишүүнтэй таван жилийн хугацаагаар сонгогддог парламенттай, 2023 онд Үндэсний ассамблей нь хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, парламентын сонгуулиа үндэсний хэмжээнд нэгдмэл нэг тойргоор явуулдаг болжээ. Албан ёсоор БНСуринам гэдэг энэ улс Өмнөд Америкийн зүүн өмнөд хэсэгт оршдог, 163 мянга гаруй ам дөрвөлжин километр нутагтай, 2022 оны байдлаар 632.6 мянган хүн амтай, нидерланд хэлтэй. Нийслэл нь Парамарибо хот, Франц, Гайана, Бразил улстай хиллэдэг. Эдийн засаг нь боксит, алт, газрын тос болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. 1975 онд тусгаар тогтносон улс болжээ.
Ташрамд тодруулахад, дэлхий дахинд эмэгтэй Ерөнхийлөгчтэй улс 69 байж. Тэдний дотор Корасон Акино (Филиппин), Грабар Китарович Колинда (Хорват), Мегавати Сукарнопутри (Индонез) Фернандес де Киршинер (Аргентин), Клаудиа Шейнбаум (Мексик) гээд бидний танилууд бий.
Аргентинийг төрөө эмэгтэй хүнээр толгойлуулсан анхны улс гэж үздэг, тэр Ерөнхийлөгч нь 1974-1976 онд уг үүргийг анх удаа гүйцэтгэсэн Исабель Мартинес де Перон юм байна. 1931 онд төрсөн Исабель франц хэл, хөгжмийн багш мэргэжилтэй, ирээдүйн нөхөр генерал Хуан Доминго Перонтой 1955 онд танилцаж нарийн бичгийн даргаар нь ажиллах болжээ. 1961 онд тэд гэр бүл болоход нөхөр нь 35 насаар ах байв. Хожим Ерөнхийлөгч болсон Хуан Перон 1973 онд гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ гэргийгээ Дэд ерөнхийлөгчид дэвшүүлснээр 1974 онд Хуан Перон хорвоог орхиход Исабель Төрийн тэргүүн болсон байна. Тэрбээр 1973 онд нэгэн генералын толгойлж хийлгэсэн эргэлтээр огцорчээ.
Өнөөгийн байдлаар Мальта, Молдав, Умард Македон, Словени, Швейцар, Энэтхэг, Маршаллын арлууд, Барбадос, Гондурас, Доминик, Мексик, Перу, Тринидад Тобаго улсад эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Мальта улсын Ерөнхийлөгч Мариам Спитери Дабоно 2024 оноос энэ үүргийг гүйцэтгэж буй тус улсын гурав дахь эмэгтэй аж. Майя Санду гэдэг эмэгтэй Молдавын төрийг 2020 оноос тэргүүлж байгаа бөгөөд 2024 онд улиран сонгогджээ. НҮБ-ын баримтаар 2023-2024 оны байдлаар Молдав улс хүний хөгжлийн индексээр 193 орноос 86 дугаар байранд орсон. 2024 оноос Умард Македоний анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Гордано Силяновская-Давкова хуульч мэргэжилтэй. Энэ улсын эдийн засаг өсөж байгаа ч хүн амынхаа амьдралын түвш¬нийг дээшлүүлэх чиглэлд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үздэг юм байна. Наташа Пирц-Мусар гэдэг сэтгүүлч, өмгөөлөгч эмэгтэй 2022 оны эцсээс Словени улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 1991 онд туурга тусгаар улс болноос нь хойш анхны эмэгтэй Ерөнхийлөгч нь Наташа. Хүн ам нь амьдралдаа сэтгэл хангалуун байдлаар Европт Словени 10 дугаарт ордог. 2024 оны ер эхнээс Виола Амерд гэх хуульч мэргэжилтэй, Батлан хамгаалахын сайд байсан бүсгүй Швейцарын Төрийг тэргүүлж байна. Тэрбээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг 2022 онд Олон улсын олимпын хорооноос шаардаж байжээ. Амьдрал хангалуун байдлаар тус улс Европдоо тэргүүлж явдаг. Драупади Мурму гэж 2022 оноос Энэтхэгийн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй эмэгтэй уугуул ард түмнийх нь дундаас Төр тэргүүлж буй анхны хүн аж. Тангараг өргөхдөө улсынхаа хамгийн залуу Ерөнхийлөгч байжээ. 2028 онд Энэтхэг улсад дэлхийн эдийн засгийн өсөлтийн 18 хувь ногдоно гэж үзэж буй юм байна. Хильда Хайн 2016-2020 онд Маршаллын арлуудын Ерөнхийлөгч байгаад 2024 оны эхнээс дахин уг албыг хашиж буй бөгөөд шинжлэх ухааны докторын цол хүртсэн анхны хүн гэнэ. Латин Америкийн Барбадос улсын Ерөнхийлөгчөөр 2021 оноос Сандра Мейсон хэмээх эмэгтэй ажиллаж байна. Түүний гол үүрэг нь ёслолын чанартай. Ерөнхийлөгч байгаад түлхэн унагаагдсан хүний гэргий Сиомара Кастро 2022 оноос Гондурас улсын Төрийг тэргүүлж буй. Гондурас нь Латин Америкийн ядуу орны нэг юм. Доминикан улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Сильвани Бертон 2023 оноос ажиллаж эхэлсэн. Мексикийн мөн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум 2024 оны аравдугаар сараас өмнө Мехико хотын захирагч байжээ. 2022 оноос Перугийн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Дина Болдарте огцрохыг нь шаардсан хатуухан эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Өндөр үнэтэй цаг зүүх болсноор гэрт нь нэгжлэг хийж байжээ. 2023 оны хавраас Тринидад Тобагогийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хатагтай Кристин Кингалу урьд нь Сенатын дэд тэргүүн байсан аж.
Р.Жаргалант