Боловсролын яамны ажлын хэсэг энэ сарын 12-ноос эхлэн ажлын тав хоног Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, сургууль, цэцэрлэг болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалсан байна. Энэ үеэр тухайн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын болон бага ангийн багш нараас монгол хэлний түвшин тогтоох шалгалт авчээ. Мөн МУБИС-ийн харьяа салбар сургуулийн багш нар, боловсролын байгууллагын удирдлага нарыг ч хамруулсан аж. Шалгалтаар бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 26 хувьтай буюу муу үнэлэгдсэн байна. Энэ нь шалгалтад хамрагдсан бусад багшаас хамгийн тааруу үзүүлэлт болжээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат ажлын хэсгийг ахалсан бөгөөд тэрбээр “Баян-Өлгий аймагт боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, хүний нөөц, сургуулийн бүтэц, орон тоо, төсөв санхүү зэрэг өргөн хүрээнд ажиллалаа. Тодорхой чиглэлд хариуцсан мэргэжилтнүүд дүгнэлт, саналаа гаргаж, орон нутгийн удирдлага, аймгийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагад нь зөвлөгөө, мэдээлэл, дүгнэлт хүргүүлсэн. Багш нар ямар агуулга, чиглэлээр бага оноо авсныг тодорхой гаргаж, санал, зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн тус аймагт МУБИС-ийн харьяа салбар сургууль бага ангийн болон цэцэрлэгийн, дуу хөгжмийн багш мэргэжилтэн бэлдэж буй. Төгсөгчдийн 65-70 хувь нь аймагтаа ажиллаж байна. Гэтэл тэдгээр багшийн монгол хэлний мэдлэг, чадвар харьцангуй бага үзүүлэлттэй гарсан” гэв.
Монгол хэлний тухай хуулийн 4.1.1-т “Төрийн албан ёсны хэл” гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг хэлнэ” хэмээн заасан. Мөн тус хуулийн 6.1.2-т “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг монгол хэлээр явуулна” хэмээсэн. Харин Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгасан билээ.
Баян-Өлгий аймагт хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоёрдугаар ангиас нь монгол хэл зааж, зургаадугаар ангиас нь бүх хичээлийг төрийн хэл буюу кирилл бичгээр явуулдаг аж. Харамсалтай нь, монгол хэл зааж буй бага ангийн багш нар нь өөрсдөө эх хэлээ мэдэхгүй, шалгалтад ийн бүдэрчээ. Иймд багш нарын монгол хэлний мэдлэг, ур чадварыг богино хугацаанд сайжруулах зайлшгүй шаардлагатайг албаныхан онцолсон. Харин тухайн аймгийнхан багш нар монгол хэлээ мэдэхгүй байгаа нь Боловсролын яам, тогтолцооны буруу хэмээн үзэж буйгаа цахим орчинд илэрхийлжээ.
Ч.Болор