Өнөө цагт соёлын төвийг талх шиг олноор нь барьдаг улс Монголоос өөр бий юү. Сум бүрд соёлын төв, спортын заал барих нь улс төрчдөд сонгуулийн амлалтаа биелүүлсэн дүр эсгэх хамгийн түгээмэл арга болоод удлаа. Хүн амын тоо, суурьшлын онцлог, бодит хэрэгцээг үл харгалзан УИХ-ын гишүүд дараагийн сонгуулийн сурталчилгаагаа эртнээс бэлдэж, орон нутгийн хөрөнгө оруулалт нэрээр улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь “хумсалдаг”. Иргэдийн соёлын хэрэгцээг хангаж, спортоор хичээллэх боломж бүрдүүлэх учиртай эдгээр байгууламж өдгөө улс төрийн ашиг сонирхлоо бататгах хэрэгсэл болж хувирсан юм биш биз. Хөдөөгийн иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой эдгээр бүтээн байгуулалт бодит амьдралд үр өгөөжөө өг ч чадсан уу. Эсвэл улсын төсвийн олон зуун тэрбум төгрөгөөр ашиглалт муутай, ажиллах хүнгүй “бетонон хайрцаг” л босгочхов уу.
ХҮН АМЫН ТОО БУС, УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХОЛД ТУЛГУУРЛАСАН ТӨЛӨВЛӨЛТ
Монгол Улс 330 сумтай. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, суурьшлын онцлогоос шалтгаалан сум бүрийн хэрэгцээ харилцан адилгүй. Зарим сумд 30 орчим мянган хүн амьдардаг бол нөгөөд нь 1500 хүрэхгүй иргэн оршин суудаг. Тухайлбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Завхан аймгийн Асгат сум тус бүр 1100 орчим хүн амтай.
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад соёлын төвийн тоо, байршлыг хүн амын нягтаршил, үйлчилгээний хүртээмж, оршин суугчдын бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөдөг. Ингэхдээ 25 мянгаас дээш хүн амтай сууринд нэг соёлын төв байхад хангалттай гэж үздэг аж. Харин Монголд хүн ам цөөн, алслагдмал сумуудад ч тусдаа соёлын төв барих нь түгээмэл. Тухайлбал, Сангийн яамны shilendans.gov.mn системд буй мэдээллээр өнгөрсөн онд улсын төсвөөс Цагаандэлгэр сумын соёлын төвд 210, Асгатынхад 240 сая төгрөгийн санхүүжилт хуваарилжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд 301 сумд соёлын төвийн шинэ барилга барьсанаж. Эдүгээ улсын хэмжээнд 344 соёлын төв байгаагаас 334 нь сумд үйл ажиллагаа явуулж буй. Гэвч эдгээр сүржин үзүүлэлтийн цаана орон нутгийн иргэд соёлын үйлчилгээг хэр хүртээмжтэй авч, урлагийн арга хэмжээнд оролцдогийг мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, бид соёлын төвийн нийгэмд үзүүлж буй бодит үр өгөөжийг хэмжиж чадахгүй. Барилга ашиглалтад оруулж, тууз хайчилсан тухай мэдээллээр “бөмбөгддөг” ч хэдхэн жилийн дараа тэдгээр барилгын ашиглалт ямар түвшинд хүрсэн, анхны зорилгоо биелүүлж чадсан, эсэхийг ч үнэлдэггүй нь харамсалтай.
Тухайлбал, Ховд аймгийн Дуут сумд 2020 онд очиход хоёр ч соёлын төв зэрэгцэн байв. Нэгнийх нь цонх хагарч, хаалга үүд нь эвдэрч муудсан бол нөгөөг нь дөнгөж ашиглалтад оруулж байхтай таарав. Хуучин соёлын төвөө засаж сэлбэн ашиглахын оронд орхиж, дахин шинийг барьсан нь учир дутагдалтай санагдсаныг нуух юун. Дуут сум нь тогтмол оршин суудаг 500 гаруйхан иргэнтэй, хүн ам цөөн, алслагдмал нутаг. Тиймээс урлагийн тоглолт, соёлын үйлчилгээ тэр бүр хүрээд байдаггүй. Мөн аймгийн төвөөсөө 70 км-ийнзайтай тул иргэдийн олонх нь Жаргалантсумыг зорьж, үзвэр үйлчилгээ авдаг гэнэ. “Яах гэж дахин хөрөнгө зарцуулж, соёлын төв барьдаг юм бүү мэд. Бодвол сонгуулийн зорилготой л байх. Сонгууль болохоор нэр дэвшигчид ирж, хурал хийдэг” хэмээн нутгийн иргэд шүүмжилсэн юм.
Өдгөө Монголын аль ч сумд очсон заавал нэг соёлын төв, сургуулийн болон бие даасан 1-3 спорт заал угтана. Хүүхэд, залууст дугуйланд хамрагдах, иргэдэд ном унших, урлагийн тоглолт үзэх таатай орчин хэрэгтэй юүгэвэл тийм. Сум бүрийн иргэд соёлын үйлчилгээ тэгш хүртэх эрхтэйг үгүйсгэх аргагүй. Гагцхүү энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд заавал шинэ барилга барих шаардлагагүй. Угтаа хуучин барилгын ашиглалт, одоо байгаа хүний нөөц, орон нутгийн бодит эрэлт хэрэгцээг эхлээд судлах ёстой.
Товчхондоо орон нутагт соёлын төв, спортын заал барих нь буруу биш. Харин олон тэрбум төгрөгөөр босгосон байгууламждаа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, иргэдээ татан оролцуулж чадаж байна уу гэдэг хамгийн чухал. Гэтэл манайд барилга барьснаар ажлаа хийсэнд тооцож, төсөв баталснаар асуудлыг шийдсэн мэт тайлагнадаг гаж тогтолцоо газар авлаа. Тухайн орон нутгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр амласан бүтээн байгуулалтаа биелүүлсэн гэдэг нэр зүүж л байвал тэдгээрийг цаашид хэрхэн ажиллуулах, урсгал зардлаа яаж бүрдүүлэх зэрэг нь хүртээлгүй. Сонгууль дөхөхөөр л нутагтаа очиж, ахмадуудыг цуглуулан элдэв хурал цуглаан хийхээс хэтэрдэггүй гэнэ. Энэ мэтчилэн орон нутагт соёл, спорт хөгжүүлэх нэрээр улсын төсөвт ачаа үүрүүлсэн “амьгүй” барилгууд олширсоор буй нь харамсалтай.
БАГШГҮЙ ДУГУЙЛАН, ҮЗЭГЧГҮЙ ТАНХИМ
Сумын соёлын төвийн асуудал зөвхөн барилгын өртгөөр хязгаарлагдахгүй. Ашиглалтад оруулсан байгууламжийг цахилгаан, дулаанаар хангах, засварлах, ажилтнуудын цалинг олгох зэрэг асар их урсгал зардал гардаг. Үйл ажиллагаа нь сул, үүд хаалга нь ихэнхдээ цоожтой ч эдгээрийг төлсөөр л байдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн мөнгөөр нэг удаа барилга босгоод зогсохгүй олон жилийн турш урсгал зардлыг нь татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлдэг гэсэн үг.
Соёлын салбарын төсвийн зарлагын шинжилгээнд дурдсанаар 2010-2023 онд 639 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв баталж, 500 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсний 60 орчим хувь нь соёлын төвийн барилгатай холбоотой байжээ. Давхардсан тоогоор он дамжин санхүүжүүлсэн 906 төсөл, арга хэмжээний 555 нь мөн энэ төрлийн байгууламж байв. Үүнээс соёлын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зөвхөн барилга барихад чиглүүлснийг харж болно. Гэвч тэдгээрт зарцуулсан асар их хөрөнгө оруулалт иргэдийн соёлын боловсрол, урлагийн оролцоо, үйлчилгээний чанарт үнэхээр эергээр нөлөөлсөн үү гэвэл эргэлзээтэй.
Мэдээж тогтмол үйл ажиллагаа явуулж, иргэдээ соёлын болон нийгмийн амьдралд татан оролцуулдаг төвүүд байгааг үгүйсгэхгүй. Гэвч данхайсан төсөвтэй атлаа ашиглалт нь хангалтгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон байгууллага орон нутагт бий. Гагцхүү нийгмийн бодит эрэлт хэрэгцээнд нийцсэн, “хөөсөрсөн” бус, хөрсөн дээрээ буусан шийдвэр ус агаар мэт хэрэгтэйг сумын соёл, спортын ордны жишээнээс бэлхнээ харж болно. Орон нутгийн иргэдийн олонх нь өдөр бүр соёлын төвөөр үйлчлүүлээд байх зав зай гардаггүйг өөрсдөө ч хэлдэг. Долоо хоногтоо биш юм гэхэд 14 хоногтоо нэг удаа л тэнд очиж, бүжиг таанц эргэдэг аж. Мөн нийслэлээс жилдээ 10 хүрэхгүй аялан тоглолт орон нутгийг зорьдог байна.
Үүнээс гадна хөдөөгийн соёлын төвүүдэд ажиллах мэргэжлийн боловсон хүчин ч алга. 344 байгууллагад нийт 2399 хүн ажилладаг гэхээр нэг төвд дунджаар долоон ажилтан ногдож байна. Гэтэл тэд барилгаа арчлахаас эхлээд номын сан ажиллуулах, сургалт зохион байгуулах, үзвэр үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн соёлын өвийг хамгаалах зэрэг маш олон үүрэг хүлээдэг. Хөгжмийн багшгүй хөгжмийн дугуйлан, бүжгийн багшгүй сургалтын танхим, тогтмол үзвэргүй тайзтай байшин л босгоод буй хэрэг. Ийм газрыг соёлын төв гэж нэрлэж болох ч тухайн орон нутгийн иргэдийн амьдралд хэр хувь нэмэр оруулж байгааг заавал асуух ёстой.
АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
Уг асуудлыг шийдэхийн тулд заавал шинэ барилга барихаас илүүтэй хуучин байгууламжийнхаа ашиглалтыг сайжруулж, орон нутгийн бодит хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай. Тухайлбал, Скандинавын орнууд, Япон, ХБНГУ-ын жижиг сууринд соёлын төв, номын сан, спортын заал зэрэг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн олон зориулалтай байгууламж ашигладаг туршлага бий. Ийм шийдэл нь тусдаа олон барилга барихын оронд дэд бүтэц, хүний нөөц, ашиглалтын зардлыг хамтад нь зохицуулах боломж олгодог.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын соёлын төвийнхөн үйл ажиллагааны тайландаа 2025 онд улсын төсвөөс 242 сая төгрөгийн санхүүжилт авснаа дурджээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сургуулийн барилга халаалтгүй болж, сурагчид өвлийн хувцастайгаа хичээллэж байхад тус аймгийн Галт сумын соёлын төвийн урсгал зардалд өнгөрсөн онд 178 сая төгрөг зарцуулсан аж. Үүгээр зогсохгүй Хөвсгөлаймгийн Цагааннуур сумын соёлын төв өнгөрсөн онд 243 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ бол ердөө гуравхан сумын жишээ. Цаана нь дахиад 327 сумын соёлын төв бий гэхээр хэр том тоо эргэлдэх нь тодорхой. Харамсалтай нь, бидэнд асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх төрийн бодлого, залгамж чанар алга. Хахир өвлийн хүйтэн хаяанд ирчхээд байхад хүүхдүүд нь халаалтгүй, цахилгаангүй сургуульд хичээллэж, шийдвэр гаргагчид ньсоёл, спортын төвүүдийг улсын төсвөөр ийнхүү “усалсаар” буй нь эмгэнэлтэй.
Мөн соёлын төвийн барилгын төсөв анх батлагдсан өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын соёлын төвийн анхны өртөг 1.2-оос 3.6, Дорнод аймгийн Булган сумынх 1.6-аас 3.2 тэрбум төгрөг болж өсжээ. Мэдээж барилгын материалын үнэ, инфляц, тээвэр логистик, зураг төслийн өөрчлөлт зэрэг нь өртөг нэмэгдэхэд нөлөөлж болно. Гэхдээ төсөв хэд дахин өссөн тохиолдол бүрийг ийм шалтгаанаар хаацайлж болохгүй. Ямар шалтгаанаар анхны тооцоо алдагдсан, гэрээний хэрэгжилтэд хэн хяналт тавьсан, нэмэлт санхүүжилтийг юунд зарцуулсан, хугацаа хэтэрсэн бол хариуцлагыг хэн хүлээсэн зэргийг нийтэд ил тод мэдээлэх учиртай.
Соёлын төвийнхтэй ижил асуудал спортын заалнуудад ч бий. Улсын хэмжээнд бүртгэлтэй 1541 спорт заалны 842 нь орон нутагт байрладаг. Гэхдээ үүнд аймаг, сумын бие даасан байгууламжаас гадна сургуулийн спорт заал зэрэг өөр зориулалттай объект багтдаг тул сум бүрд дунджаар хэдэн заал ногдож байгааг зөвхөн энэ тоогоор тогтоох боломжгүй аж. Соёлын төв, спорт заалны тоог нэмэгдүүлснээр хөдөөгийн иргэдийн боловсрол дээшилж, залуусын спортоор хичээллэх боломж өргөждөг сөн бол өдийд бид барилгынхаа тоог бус, бодит үр өгөөжийг нь ярих байлаа.
У.Сүрэн