Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангаас энэ аяны талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн нутагт баруун аймгуудаас орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг шалган нэвтрүүлэх товчоонууд байрладаг. Энэ товчоодоор хууль бусаар агнасан ан, бэлтгэсэн мод зэргийг нийслэлд оруулж ирэхээр завдсаныг илрүүлсэн тохиолдол олон. Танай дүүргийн нутаг дэвсгэрт хүрээлэн байгаа орчны эсрэг ямар төрлийн гэмт хэрэг гарч байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг сүүлийн дөрвөн жилийн байдлаар судаллаа. Энэ хугацаанд байгаль орчны эсрэг нийт 95 хэрэгт хяналт тавьснаас 50-ийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Хэргийн төрлөөр авч үзвэл байгалийн ургамал, мод хууль бусаар бэлтгэх, ан агнах гэмт хэрэг зонхилж байна. Эдгээр нь ихэвчлэн Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж Улаанбаатар хот руу орох “Эмээлт”, “Баруунтуруун” товчоогоор тээвэрлэн нэвтрүүлэх явцад нь Экологийн цагдаагийн албаны ажилтнууд хяналт шалгалтаараа илрүүлж, мөрдөн шалгасан хэргүүд байна.
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг ямар хүмүүс ихэвчлэн үйлдсэн гэдэг нь судалгаагаар харагдсан биз?
-Энэ төрлийн гэмт хэрэгт яллагдагчаар татсан 76 хүний насны байдлыг авч үзвэл 40 хувь нь 45-аас дээш, 36 нь 26-45, үлдсэн нь 20-25 насныхан байгаагаас гадна 93 хувь нь эрчүүд гэдэг нь тодорхой болсон. Олонх нь бага болон бүрэн дунд боловсролтой, 50-иас дээш хувь нь ажилгүй иргэд байна.
-Танай Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдэд ямар хариуцлага оноосон бол?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 10 төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан байдаг. Үйлдлийн арга, учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан оноох ял харилцан адилгүй шүү дээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ял ногдуулахаар заасан. Харин дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн аж ахуйн нэгжийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, торгох ял оногдуулахаар хуульчилсан. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл, автомашиныг битүүмжлэн хурааж улсын орлого болгохоос гадна Байгаль орчныг хамгаалах, Амьтны тухай хуульд зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож гаргуулах хуулийн зохицуулалттай.
Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хулгайгаар мод бэлтгэсэн гурав, ан агнасан 28, байгалийн ургамал зөвшөөрөлгүй бэлтгэсэн 20, хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглан, олборлосон нэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлж, 58 хүнийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
-Тэдэнд ямар ял шийтгэл оноосон бэ. Байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болов уу?
-Шүүх 27 хүнд торгох, 17 иргэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Мөн 12 хүнд зорчих эрх хязгаарлах, хоёр иргэнд хорих ял ногдуулсан байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологи, эдийн засагт 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг буруутай этгээдээр төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд нэлээд анхаарсан. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлэн, биелэлтийг хангуулж байна. Мөн иргэд, хүүхэд залуучуудад байгаль, орчноо хайрлан хамгаалах ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль зүйн үр дагаврыг тайлбарлан хүргэх зорилгоор сургалт, яриа таниулга хийсэн.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, иргэд, хуулийн этгээд нь ашиг олох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлддэг. Иргэдийн экологийн, эрх зүйн боловсрол, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээ дутмаг байгаагаас шалтгаалан байгалийн нөөцийг шавхагдашгүй мэт үзэж, ирээдүйгээ харахгүйгээр өнөөдрийн ашгийг урьтал болгох хандлага давамгайлж буй нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэх шалтгаан болдог.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр хууль бусаар бэлтгэсэн мод, түүхий эд, ховор ургамал, ан амьтны мах, эрхтэн худалдаж авахгүй байх, хөдөө орон нутагт аялахдаа ил задгай гал түлэлгүй, тамхины ишээ бүрэн унтрааж, хог хаягдлаа байгальд үлдээлгүй зориулалтын цэгт хаях нь чухал. Түүнчлэн гол, усны ундаргыг бохирдуулахгүй байх, хууль бус мод бэлтгэл, ан агнуур, байгаль орчныг бохирдуулж буй үйлдэлтэй таарвал холбогдох хууль хяналтын байгууллага, байгаль хамгаалагчдад яаралтай мэдээлэхийг иргэддээ уриалъя. Байгаль дэлхийгээ хайрлах уламжлалт ёс заншлаа дээдэлж, ирээдүй хойч үедээ эрүүл, онгон байгалийг өвлүүлэн үлдээх нь иргэн бүрийн журамт үүрэг гэдгийг үргэлж санах нь зүйтэй юм.
-Прокурорын байгууллага “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг яагаад зохион байгуулах болов?
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судлан дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөмжийг манай улсад өгсөн.
Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 11-ний 73 дугаар тогтоолоор 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө гаргасан юм. Уг төлөвлөгөөгөөр прокурорын байгууллагад хариуцуулсан ажлын нэг нь “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судлах” холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд прокурорын байгууллагаас сүүлийн таван жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалсан. Судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт жилээс жилд нэмэгдсэн. Үүний дотор хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх, ховор ан, амьтан агнах, ашигт малтмал олборлох гэмт хэрэг өссөн. Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн экологийн болон эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөлтийг нэмэгдүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.