Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөний суурийг шинэчлэх ажлыг эхлүүлж, өчигдөр нураалаа. Албаныхны мэдээлснээр хөшөөний суурь хазайсан учраас нурааж, шинэчлэн боржин чулуугаар солих ажлыг нийслэлийн Хот тохижилтын газрынхан гүйцэтгэж буй аж. Суурийг засаж дууссаны дараа хөшөөг буцаан байрлуулах гэнэ.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгож Төрийн тамганы хөшөөг зураач Д.Наранжав зохион бүтээсэн. Хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулиар баталсан БНМАУ-ын, 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулан бүтээсэн юм. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт Монголын олон омгийн 168 тамгыг гантиг чулуунд цоолборлон бүтээж, нүүрэн талд нь Их Монгол Улсын далай хаан Гүюгийн тамганы дардасын “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг билээ.